Монголын улс төрд “дүрэмгүй” тоглогчид олширлоо. Тэдний тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар манлайлж, араас нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд явж байна хэмээн олон нийт шүүмжлэх болов. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж өнгөрсөн хэдэн сарын хугацаанд МАН, АН-ын хэдэн УИХ-ын гишүүд жагсаал хүртэл зохион байгуулсан. Үүний хариуд М.Энхболд “Хуулиа л дагана” гэдэг ганц өгүүлбэрийг тоть шиг давтаж суусныг хэн хүнгүй харлаа. Улс төрийн энэ түгжээг мултлахаар Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдсэн. Үүгээр улсын Их Хурлын даргын албан тушаалыг авахаар санаархаж байна гэж хардах боломжтой. Учир нь Ерөнхий сайдын бодлогоор өргөн барьсан хууль гэдгийг нэг биш гишүүн яриандаа дурдсан байна лээ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл хуулийн салбарынхны шүүмжлэлд өртөх боллоо. Хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг хараад “Хэлэх үг олдохгүй байна” хэмээж байгааг ч бас бодох л хэрэгтэй.
МУИС-ийн багш О.Мөнхсайхан “Одоо үүсээд байгаа асуудлыг зөвхөн Үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрлэхгүй бол бүх юм хөл толгойгоо алдана. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш. Ингэвэл УИХ байх утгагүй болох нь. Хууль тогтоох эрх мэдлийг ҮАБЗ-ийн чиглэлийн хүрээнд эдэлнэ гэж юу гэсэн үг үү. Үндсэн хууль зөрчиж гарч ирсэн хүнд Үндсэн хуулийг итгэж хадгалуулж болох уу” гэжээ. Харин өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн “М.Энхболд байна уу, хэн байх нь хамаагүй. УИХ-ын дарга гэдэг албан тушаалтанг хуульд заасан үндэслэлээр огцруулах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. Түүнээс гишүүд талбай дээр жагсаад мянга огцор гэж орилоод ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Харин цаанаа улс төрийн өөр зорилготойтой юм шиг харагдаж байна” гэсэн юм. Хуулийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуус ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан М.Энхболдыг огцруулах зорилготой хуулийн төсөл нь Үндсэн хуулийг зөрчиж, парламентын дархлааг үгүй хийх гэж байгааг анхааруулж байгаа юм. Шударга ёсыг иргэд хайж, түүн дээр нь элдэв улс төрийн тоглолт явагдаж байгаа энэ өдрүүдэд олон л хачин явдал гарч байна. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил тасралтгүй парламентад суусан туршлагатай Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарын гишүүд багтдаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон УИХын гишүүдийг хамгаалаад үлдэхэд хэн ч, юу ч хэлсэнгүй. Ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд нь хуулиа уландаа гишгэж албан тушаал руу зүтгэж, мэргэжлийн хуульчид “болохгүй” гэж хашгирсаар сууна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Ж.Сайхан