Ерөнхийлөгчийн албан бус хоригт хоёр жил орчим “чөдөрлөгдсөн” Элчин сайдад нэр дэвшигчдийг буцаан татахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол улсыг гадаадад төлөөлж, хоёр улсын харилцааны гүүр болох учиртай Элчин сайдуудаа томилохгүй байсаар хоёр жилийн нүүр үзлээ. Эцэстээ хоёр улсын хамтын ажиллагаа урагшлахгүйн дээр харилцаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болохоос сэргийлж ийнхүү нэр дэвшигчдээ буцаан татахаар болов. Үүнд хугацаа заагаагүй хуулийн хийдэл нөлөөлж байгааг онцлохын өмнө нь болсон үйл явдлыг тоймлон хүргэе. Өмнөх Ерөнхийлөгчийн саналын дагуу 2017 оны тавдугаар сард Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр, Канад улсад суух Элчин сайдаар н.Чимгүүндарь нарыг томилохыг УИХ дэмжсэн байдаг. Гэсэн ч нэр дэвшигчид одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүртэж чадаагүй бөгөөд энэ хугацаанд тэдний Элчин сайдаар суух улсыг нь өөрчилж, австрали, Тайланд болгосон ч тусыг эс олов. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний Итгэмжлэх жуух бичгийг өгөхгүй байсаар 2017 оны эцэстэй золгосон.
Тэрбээр шалтгаанаа “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн тайлбарлаж, оронд нь өөр хүн санал оруулахыг Засгийн газарт үүрэгдэж байлаа. Тиймээс Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хуралдаж, Элчин сайдад нэр дэвшигчдийг өөрчилж, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Я.Ариунболдыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Мөн Г.Тэнгэрийг австралийн холбооны улсад суух Элчин сайдаар, Н.Чимгүүндарийг Тайландын вант улсад суух Элчин сайдаар тус тус томилуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ч дэмжих эсэхээ илэрхийлэхгүй байсаар өдийг хүрсэн билээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайдад нэр дэвшигч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэрийг буцаах тухай эрх баригчид намын бүлгийн хурлаараа ярилцсан талаар мэдээлсэн.
Түүнийг 2017 оны арваннэгдүгээр сард БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгч санал оруулж байв. Гэсэн ч түүний томилгоо хэсэг гишүүний эсэргүүцэлтэй тулгарч, өдийг хүртэл шийдэгдээгүй. Харин түүний нэрийг буцааж буй шалтгааныг Бнсу-ын талаас агреман буюу зөвшөөрлийн бичиг ирээгүйтэй холбоотой гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын Итгэмжлэх жуух бичгийг өгөхгүй байгаа учир түүний саналаар нэр дэвшүүлсэн Б.Хурцыг томилохгүй нь гэсэн таамаг ч хөвөрч байгаа юм. Түүнчлэн буцаан татагдаж буй нэр дэвшигчдийн оронд томилох хүмүүсийн нэрийг ойрын хугацаанд Гадаад харилцааны яамнаас санал болгож, Засгийн газар, уИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна. Ингэхдээ бусад улс оронд суух Элчин сайдуудтай хамт өргөн мэдүүлэх аж. Өнгөрсөн онд Тайланд, Австрали БНСУ-аас гадна Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз улсад суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дууссан байна. Эдгээр улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийн сураг дуулдаж эхэлсэн бөгөөд хэзээ томилох асуудлыг хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр, Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг Элчин сайдаар томилох талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХУГАЦААТАЙ БОЛГОЁ
Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Харин энэ бүрэн эрх хуулийн хугацаагүй учраас Элчин сайдуудыг томилж, Итгэмжлэх жуух бичгээ өгөх нь улс орны ажил гэхээс илүүтэй хувь хүний үзэмжийн асуудал болох нь. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т “Монгол улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан
тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заажээ. Харин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газар танилцуулснаас хойш тэдэн хоногийн дотор дэмжих эсэхээ илэрхийлнэ, төдий хугацаанд багтааж EИХ-д өргөн барина гэсэн зохицуулалт алга. Энэ үүднээс л Элчин сайдад нэр дэвшигчид төрийн тэргүүнд таалагдахгүй бол хугацаа заагаагүй хуулийн заалтад үндэслэсэн албан бус хоригт ороод буй. дипломат найрсаг харилцааг бэхжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, тухайн улсад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь дипломат төлөөлөгчийн газар болоод Элчин сайдын үүрэг. Харин ийм эрхэм үүрэгтэй Элчин сайдууд цаашид ч хэн нэгэн төрийн тэргүүний албан бус хоригт орохыг үгүйсгэхгүй. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Элчин сайдыг томилох хуулийн хугацаатай болгох нь зүй болов уу.
Б.Цэнд-Аюуш