СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-16

Прокурорт хүч нэмье

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Ажлаа авсан цагаасаа эхлэн “хүнд гар”-уудтай холбоотой хэргүүд дээр чансаагаа шалгуулж яваа эрхэм бол улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан. “шударга ёсны дайн зарлагч” гэх алдар олон нийтээс хүртээд байгаа түүний юу ярих, хэнд хандаж юу хэлэх, ямар хэргийг хааш нь эргүүлэхийг олон нийт чих, нүд сортойлгон харж байна. “Прокурор ямар нэг намд үйлчлэхгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн түүнээс иргэд төрийн “хамгаалалтад” орсон хэргүүд юу болсныг асууж эхэллээ. Тодруулбал, . Энэ хэргүүдтэй холбоотой хяналт шалгалтын ажил хаана, ямар шатандаа явна вэ гэдгийг асууж байна. Түүнээс ингэж асуух болсон учир шалтгаан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сантай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг улсын ерөнхий прокурорын газраас УИХ-д тавьснаас эхтэй. Ман гэх малгай өмссөн хүн бүрийн дургүйг хүргэн хэдэрлэсэн түүнд олон нийт алга ташин баяр хүргэсэн бол “хамгаалалтад” орсон гишүүд нөхөрөө авч үлдэхийн тулд ёстой л ичих булчирхайгүй мэт аашилсан.

Буруу хэрэг тарьчихаад аав, ээжээсээ жавтий хүртэх мэт гишүүд ангийн нөхөдөө авч үлдсэнийхээ хариуд улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд нэг сайн загнуулаад авсан. Ийн чангарах түүнийг дуугүй болгох гэсэн мэт хэд хэдэн гишүүн асуулт асуугаад амжилт олоогүй. Тухайлбал, УИХын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэт, АСЕМ, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт томоохон хэргүүд яагаад 3-4 жил сунжирч байна вэ. Зарим хэргийг маш шуурхай шийддэг атлаа үндэс суурьтай хэргийг яагаад удаана вэ” гэсэн юм. УЕП М.Энх-амгалан “Цаад суурийг өөрчлөх нь миний асуудал биш. Та нарын асуудал. Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар бүгдийг нь цагдаж хориод байх боломжгүй. Хуулиа өөрсдөө баталж өгчихөөд “Чи энийг аваачиж хорихгүй байна. ард түмэн харж байхад зүгээр гадуур явуулаад байна” гэх юм. Тийм учраас хуулиа нарийн болгох хэрэгтэй. Мөн та нар дандаа “Хууль зүйн сайдаас асууж байна. Энэ хэрэг яагаад явахгүй байна” гэх юм. Үүнийг Хууль зүйн сайд мэдэхгүй, оролцох эрхгүй. Хууль зүйн сайд хэрэв гараа хөдөлгөөд эхэлбэл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх асуудал байдаг юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй хүн шүү. Монгол улсын Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авч ЖДҮ-тэй холбоотой хэрэг дээр дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлж байна гэж хардаж байна. Үгүй. Тийм үүрэг даалгавраар хөдөлдөг хүн би биш. . Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийд. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. шударга ёс гэдэг бол энэ танхимаас эхлэх ёстой шүү” хэмээн хэлсэн нь хэдэн өдөр онцлох ишлэл болсон.

Тэрбээр мөн гишүүдийн болон олон нийтийн сонирхоод байгаа манай “луугар”-уудын нэр нь холбогдсон хэргүүдийн талаар “Яригдаж байгаа асуудал бүр дээр хэрэг бүртгэл нээгээд заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад шалгаж байгааг энэ үеэрээ дуулгасан. Ингэхдээ үнэхээр хууль хэрэгжүүлж биелүүлэх толгой байгууллагын “эцэг” хүн шиг дуугарсан. . Түүний энэ үг шударга ёс хайсан иргэдэд гоё сонсогдож ёстой л загатнасан газар маажих шиг болсон. Мөн манай гишүүд өөрсдийн баталж буй хуулиа бүтэн уншдаггүй, хамрах хүрээ, үйлчлэл, зүйлчлэлийг мэдэхгүйгээр коноп дарсан болоод шинэ хууль “өлгийдөж авдаг” юм байна гэсэн хардлага ч төрүүлсэн. Нэгэнтээ хүсэл зоригоо цэгц шулуун хэлчихсэн танд томоохон хэргүүд дээр ажиллах хүн хүч хэрэгтэй юм биш үү. Ингэхдээ хамгийн гол нь тантай гар, сэтгэл нийлж ажиллах хүчирхэг багаа бүрдүүлээч гэдгийг тодруулах гэсэн юм. Хоёрхон хоногийн өмнө болсон Төв орон нутгийн прокурорын байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн сургалт болсон. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын 60-аад удирдах ажилтнууд оролцож салбарынхаа хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн. Ингэхдээ дөрвөн ч зорилт дэвшүүлсэн. Хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байхад чиглэсэн дөрвөн зорилтоо сахихын зэрэгцээ томоохон хэргүүд дээр шударга ажиллах прокуроруудаар хүчээ нэмээч.

Иргэд, олон нийт үнэнийг мэдмээр байна. Хаана хаанаа шалгалтын болон ажлын хэсгийн дүгнэлтээр нэгэнт асуудал нь тодорхой болчихсон дээрх хэргүүдийг дэлгэхэд юу саад болно вэ, Ерөнхий прокурор оо. Үнэхээр энэ хэргүүдийн учрыг олж хужирыг тунгааж мэдээллийг нийтэд нээлттэй сонсгож чадвал таны гавьяа тэр болог. Хууль хүчний байгууллагуудын нэр хүндийг суга өргөсөн таны имиж олон нийтэд итгэл үнэмшил төрүүллээ. Одоо дахиад зөв газраа, зөв сэдвээр, зөв хүмүүсийнхээ дэргэд дуугараач. Ингэхдээ олон нийтийн үнэнийг мэдэх гэсэн эрх ашигт нийцүүлж дуугараач.

Олон нийтийн хүлээлт дунд байгаа дээрх хэргүүд хаана очиж гацаад байгааг олон нийтэд ил тод хэлээч. Мөн хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй, ил тод ажиллаач. “Нууц”, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хоёрхон өгүүлбэрээр прокурор, шүүхийн ажил явдаг болсоор өнө удлаа. Үе үе чуулганы тахим, Ерөнхийлөгчийн дэргэдээс л прокурорын байгууллагын үйл ажиллагааны чиг баримжааг авдаг байсан дүр зураг М.Энхамгалан таны үед дуусаасай. “Хаалттай”, халдашгүй дархан байдал ноёлосноос, зориод очих бүрт хүссэн мэдээллээ авч чаддаггүйгээс олон нийтийн дунд элдэв хардлага байдаг нь нууц биш. Тэгэхээр ажлаа авснаасаа хойш олон нийтэд харагдсан таны имиж, хандлагад нийтээр итгэж болох уу, М.Энх-амгалан прокурор оо. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилд зарцуулсан мөнгө, “Чингис” бондоос эхлээд Хөгжлийн банкны хөрөнгийг дураараа тооцоо судалгаагүй зарцуулсан хүмүүст ямар шийтгэл оногдуулах, хэрэг нь хаана, юунд гацаад байгааг дэлгээч. . Тухайн үедээ олныг дургүйг хүргэж асан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох алдарт “888 төсөл” юу болж замхарсныг бид мартаагүй. Манай сонин хэдэнтээ баримтыг нь дэлгэж уншигчдад царцуулалтаас нь дэлгэж байсан АСЕМ зохион байгуулагчид, Үндэсний аудитын газрын шалгалтын явц, “АСЕМ-д холбогдох 290 гаруй тэрбум төгрөгийн зөрчил хэнд хамаатав. АСЕМ-ын очин нэг бүрт 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцсон тооцоолол зөв байв уу. 11 сая төгрөгөөр боссон 15 модон сүүдрэвчийг хэн мэдэж бариулав. “АСЕМ Вилла” хотхон барихад Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.

Хэний, ямар компаниуд энэ зээлийг авч хотхон барив. Энэ мэт хариулт нэхсэн асуулт олон байна. Хөгжлийн банкны зөрчлийг хуулийн хүрээнд шалгасныхаа горийг амсаж ажлаа өгөөд байгаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тун саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “нууц” мэдээллээ ил дэлгэсэн байв. Түүний хэлээд байгаа 1.3 их наяд төгрөгийн асуудал юу болсон бэ, гээд асуугаад байвал асуулт дуусахгүй нь ээ. Дэд сайд асан Б.Энхбаярын хэлснээр дан ганц Хөгжлийн банкны зөрчил гэхэд л юун 60 тэрбум. 60 тэрбумыг жар нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө яригдана гэсэн байв. Үнэхээр тийм бол хэргийг шалгах, хэрэг дээр ажиллах хүн хүчний хэрэгцээ байх нь дамжиггүй. Энэ хэргүүдээ шалгах хүч нэмэгдүүлээч ээ, М.Энх-амгалан прокурор оо. Иргэд, олон нийт үнэнийг мэдмээр байна. Хаана хаанаа шалгалтын болон ажлын хэсгийн дүгнэлтээр нэгэнт асуудал нь тодорхой болчихсон дээрх хэргүүдийг дэлгэхэд юу саад болно вэ, Ерөнхий прокурор оо. Үнэхээр энэ хэргүүдийн учрыг олж хужирыг тунгааж мэдээллийг нийтэд нээлттэй сонсгож чадвал таны гавьяа тэр болог. Хууль хүчний байгууллагуудын нэр хүндийг суга өргөсөн таны имиж олон нийтэд итгэл үнэмшил төрүүллээ. Одоо дахиад зөв газраа, зөв сэдвээр, зөв хүмүүсийнхээ дэргэд дуугараач. Ингэхдээ олон нийтийн үнэнийг мэдэх гэсэн эрх ашигт нийцүүлж дуугараач. Хуурай өвсөнд оч үсэрсэн бол гал дүрэлздэг нь хууль. Хүчээ нэмж, хэрэг шалгалтын явцыг түргэвчлэх боломж эрээч. Монголчууд шударга ёсоор цангаж байна. аавтай хүүхдүүд шиг замбараатай байхад прокурор шударга байхад л болдог юм байна гэсэн сэтгэл цэлмүүлсэн гэгээ дөнгөж л татаж эхэлж байна. Энэ гэгээг дүүрэн цэлмэсэн гэрэл болгооч, М.Энхамгалан прокурор оо.

М.Мөнхтунгалаг

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.