Зураач Р.Батцэнгэл: “Монголын нууц товчоо”-ны түгээмэл эхийг франц хэл рүү хөрвүүлнэ
“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” санг үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” төсөл нь өдгөө Англи, Солонгос, Хятад, Унгар, Япон, Орос, Монгол бичиг, кирилл монгол, нийт долоон хэлээр тус тус хэвлэгдэж, Монголдоо төдийгүй дэлхийн уншигчдын оюуныг мялаан эх орноо олон улсад сурталчлан таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулснаараа ач холбогдолтой. Энэ сэдвийн хүрээнд зураач Р.Батцэнгэлтэй цөөн хором ярилцлаа.
- “Монголын нууц товчоо” зурагт номыг 2014 оны наадмаар анх олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байсныг тань санаж байна. Тэгвэл тун удахгүй дэлгэцийн бүтээл хэлбэрээр олон нийтэд хүргэх гэж байгааг дууллаа?
-Тиймээ. 2014 онд манай номын “Тэргүүн дэвтэр” нийтэд хүрсэн. Түүнээс хойш МНТ-г сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж ирлээ. “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар (motion illustration) үзэгч олонд хүрэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн хавар үндсэн ажил маань дууссан ч нэмж засварлах ажлууд гарсаар, одоо л бүрэн гараас гарч байна даа.
-Энэ номын “Тэргүүн дэвтрийг бүтээхэд зургаан жилийг зарцуулсан” гэж мэдээлж байсан. Дараагийн хоёрыг нь гаргахад хэр хугацаа орсон бэ?
-Дэд дэвтэр нь жилийн дараа хэвлэгдэж гарсан. Түүнээс хойш номын борлуулалт маань харьцангуй сайжирсан учраас дараа дараагийн хэл дээр гаргах ажил эрчимжих болсон. “Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэж л тодорхойлж байгаа. Кино хэлбэрийн бүтээл илүү олон хүнд хүрнэ. Бас үнэн түүхийг мэдэж авцгаана. Олон хүн Чингис хааны маань түүхийг Хятадын олон ангит УСК, С.Бодровын “Монгол” киногоор төсөөлдөг нь энд ирдэг гадаад, дотоодынхноос тодорхой харагддаг. Гэтэл тэдгээрт багтааж үзүүлээгүй зүйл маш их бий.
-Дэлгэцийн хувилбар нь хэзээнээс нийтийн хүртээл болох вэ?
-Төсөл маань дараагийн шатандаа шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээлийн хэлбэрт оруулаад байна.
-Уг бүтээлийг ойрын үед өөр ямар хэл дээр хэвлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Франц хэл дээр хэвлүүлэхээр зэхэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.