Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээддээ албан тушаалаа ашиглан зээл авч өгсөн байж магадгүй тул бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг УИХ-д тавиад байгаа билээ.
Энэ асуудлаар өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж уг дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлаггүй гэж үзсэн. Дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, мөн л дээрхийн адил шийдвэрийг гаргасан байна.
Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд эхэлж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууссаны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.