Шуурхай: Хууль зүйн байнгын хороо дөрвөн гишүүнээ хамгаалж үлдлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дөнгөж сая хаалттай горимоор хуралдаж дууслаа.

Тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс дараах тодруулга мэдээллийг авлаа.

Ш.Раднаасэд: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая хаалттай хуралдаж дууслаа. Ерөнхий прокурорын саналыг сонслоо.

- Прокурор шалгах ажиллагаанд гишүүдийн бүрэн эрх саад болоод байна гэж үзээд байгаа. УИХ гишүүдээ хамгаалж үлдэж байна уу?

- Шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дуусаагүй байна. Бүх ажлын үр дүн гарсны дараа ярих байх. Тухайн компани болон ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл, уг хэрэгт УИХ-ын гишүүн орж нөлөөлөх боломжгүй. Шалгаж дууссаны дараа уг хэргийг дахин оруулж ирэх боломжтой гэж үзлээ.

- Дөрвөн гишүүн өөрсдөө хэзээд шалгуулах боломжтой гэж хэлсэн?

- Тэр бол тэр хүмүүсийн асуудал. Байцаалт өгөхөд бүх зүйл нээлттэй.

- Байнгын хорооны ирц хир байсан бэ?

- Байнгын хороонд 19 гишүүн байдаг. Өнөөдөр 10 гишүүн ирж хуралд оролцлоо. Таван гишүүн нь гадаадад яваа юм байна. Гурван гишүүн өвчтэй байгаа юм байна. Ирц хүрсэн гэсэн үг. 

- Гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа буюу 48 цаг өнгөрчихлөө. Та бүхэн хууль зөрчиж байгаа юм биш үү?

- Тийм. 48 цаг нь өнгөрчихлөө. Гэхдээ Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасан. Уг асуудлыг парламент хэлэлцэж эхэлсэн  учраас гайгүй байх. Одоо чуулган эхлэх гэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.