Цогтын Тэмүүлин гэр бүлийн хамт Хавайн аралд амарч байгаад өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт арлын орчимд усан доогуур шумбаж байгаад живж осолдсон тухай мэдээлжээ.
Хүү арлын шумбагчидтай хамт усан доорх аялалд гарсан бөгөөд Тэмүүлинг аврагчид уснаас гаргаж эмнэлэгт хүргэсэн ч 13 настай хүү Хавайн эмнэлэгт амиа алдсан болохыг мэдэгдсэн юм.
Хүүгийн амийг авч одсон аяллыг зохион байгуулсан “Island Divers Hawaii” компани хэргийн өмнө хариуцлага хүлээгээгүй тул Цогтын гэр бүл өмгөөлөгч авсан байна. Тэдний гэр бүлийн өмгөөлөгчөөр Майкл Лайвингстон ажиллахаар болжээ.
Өмгөөлөгчийн ярьснаар Тэмүүлин далайн усанд сэлэх, шумбах туршлагагүй, анх удаа шумбасан байна. Мөн “Усан доор юу болсныг одоогоор мэдээгүй. Хамт шумбасан багийн гишүүд зааварлагчийн хамт хүүг 20 метрийн гүн усанд орхиод гарч ирсэн байсан. Тэр даруй яаралтай тусламж дуудсан” гэжээ.
Тэмүүлин гэр бүлийнхэнтэйгээ амрахаар шинэ жилийн баярын өдөр Монголоос очсон байна. Тэд өчигдөр буюу лхагва гарагт нутаг буцахаар төлөвлөсөн байжээ. Хавай арлын Алоха нийгэмлэг талийгаач хүүгийн гэр бүлд тусалж байгаа гэж эх сурвалжид дурдсан байна.
Усан доорх аяллыг зохион байгуулж байсан “Island Divers Hawaii” компанийн зүгээс мөрдөн шалгах ажил болон хүүгийн амиа алдсан хэргийн талаар мэдээлэл хийгээгүй. Харин Тэмүүлин хүү харамсалтайгаар амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ.
Тус компанийн сайтад усан доорх аялал удирдаж байгаа зааварлагч аялагчдыг далайн гүнд орхиж гарах нь бүү хэл алхам ч холдож болохгүй дүрэмтэй хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.hawaiinewsnow.com, www.usatoday.com