СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-10

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар өдий зэрэгтэй явна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зарласан хэвлэлийн бага хуралд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ЖДҮХС-аас зээл олгох шаардлагыг хүргүүлж байгаа. Манай сонин энэ удаад ЖДҮ-лэл эрхлэгчдийн төлөөлөл болсон Д.Урнаа гэх бүсгүйг зорилоо. Тэрбээр хорин тавдугаар эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Элбэг дээл” хувцас захиалгын газрын оёдолчин. Давчуухан, урт хонгилоор бид явсаар гол танхим руу очив. Гэрэлтүүлэг муутай, агааржуулагч, цонхгүй энэ өрөөнд зургаан эмэгтэй ЖДҮ-гэдгийг жинхэнэ утгаар нь “хөдөлгөж” байлаа. Тэд цахилгаан машиныхаа хойно тонголзож хичээнгүй ажиллацгаана. Оёдолчин Д.Урнаа сайхан дээл урлаж олны итгэлийг хүлээсэн нэгэн. “Хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралд нугарч байгаагүй” гэх түүнтэй уншигч таныг уулзуулъя.

-Үйл урлаад олон жил болж байна уу?

-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүн. Анх гэрээрээ хүүхдийн дээл баривч оёдог байлаа. Хөдөөнийхөн нэг сайхан дээл хийвэл цагаан сар, наадам гээд ганц хоёрхон л өмсдөг. Тэгээд л дээлээ задлаад гадраар нь хүүхдэд хэрэгтэй хувцас урладаг байсан. Том хүний дээлнээс хүүхдийн нэлээд баривч гарчихдаг болохоор материалын гачигдал бага гарна. Гэртээ гар оёдлын машинаар цөөхөн дээл оёдог байсан. Найз нөхөд танилынхаа холбоогоор дамжуулж сайхан амт олонтой болсон.Найз нөхөд хамт олныхоо дэмжлэгтэйгээр цахилгаан машин ажиллуулж сурсанаас хойш илүү урам зориг орсон. .

-Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хүн ажил олно гэдэг хэцүү шүү.

-Тэгэлгүй яахав бид нарыг чинь авах газар олдохгүй. Бараг л хүний тооноос хасчихна. Гурван хүүхдээ тэжээхийн тулд ажиллахаас өөр аргагүй. Олон түмний сайхан сэтгэлийн тусаар л өдий зэрэгтэй явна даа. Хамт ажиллаж байгаа дүү нартаа, анх холбож өгсөн найз Долгормаадаа маш их баярлаж явдаг. Та ажил хийж чадаж байна, оёсон дээл тань сайхан байна гэж итгэл хүлээлгэж ажиллуулж байгаа болохоор хүний итгэлийг алдахгүйг хичээж явна.

-Танай хамт олон ажлын гараагаа хэрхэн эхлэв?

-Аливаа зүйлийн эхлэл гэдэг маш чухал. Энэ дүү нар маань бор зүрхээрээ байгаа бүхнээ барьцаанд тавьж зээл авч л эхэлсэн. Одоо ч .

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сан гэж байгаа шүү дээ?

-Нэр төдий л юм. Хоёр ч удаа зээл хүссэн төсөл явуулж байлаа. Жил болгон л төсөв дууссан, санхүү хүрэхгүй, шаардлага хангаагүй гэсэн хариулт өгдөг. Санхүүжилт дууссан шалтгаан нь өөрсдөө их хэмжээний мөнгө авчихсан байгаа юм. Бид бол хэдэн сая, олон тэрбумаар нь авахгүй шүү дээ. Тав, арван сая боломжтой бол хорин сая төгрөгний л төсөл явуулдаг. Өчигдөр мэдээ харж байхад 30 гаруй тэрбум төгрөг буцааж төлөгдсөн гэж байсан. Одоо тэр мөнгөө л цагаан сараас өмнө гэсэн горьдлоготой сууж байна.

-Хэрвээ цагаан сараас өмнө 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэвэл юу хийх вэ?

-Үнэхээр тийм боломж гардаг бол сайхан л байна. Цехээ их сайхан тордоод авна. Жишээ нь, гэхэд бид оёдлын материалаа хүний аманд багтахааргүй элбэг аваад тавьчихмаар байна. Хүн болгоны захиалгын дагуу зах гүйгээд байхгүй л болно гэсэн үг. Хүн ороод ирэхэд дээлийн өнгө, дотор, эмжээр зэрэг бүгд байж байдаг торго, даавуун дунд суудаг болоод явчихна. Гараас гар дамжсан үнэтэй материал авахгүй, Ганцхан хүний дээлийн материал авах гэж зах явахгүй цаг хэмнэж бүтээмж илүү нэмэгдэнэ. Энэ хэрээр олж байгаа таван төгрөг нь илүү өгөөжтэй болно. Ашиг орлого нэмэгдээд ирэхээр өөр шигээ хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан ч ажил хийхийг хүсдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгоно. Ингээд мөрөөдөөд байвал ч их юм ярина шүү.

-Цалингаа ямар нөхцөлөөр авдаг вэ?

-Яг тогтсон цалин гэж байхгүй. Орлогоороо цалинжна. Захиалга олно гэдэг амаргүй зүйл. Манай хамт олон “Нарантуул зах”, “Шөнийн зах” гэх мэт газраас массын захиалга авдаг. Ерөнхийдөө наадам, цагаан сарын үеэр л эрчимтэй ажиллана. Бусад цаг үед захиалга болон орлого муу байдаг. Хажуугаар нь манай хаягаар ирсэн ганц нэг хүний захиалгыг хийж өгдөг дөө. Авах мөнгө ч гэсэн бага. Энгийн ажилчдынхаа авч байгаа мөнгөний талыг л авна. Уг нь өглөө адилхан л эрт ирнэ. Орой шөнөөр өнжиж хонохдоо ч хононо. Гэхдээ энэ тэр хүмүүсийн буруу биш бид нарын хийх бүтээмж муу юм чинь авах цалин ч бага байдаг.

-Урласан дээлийнхээ тоогоор урамшуулал авч цалинждаг гэлээ. Жишээ нь, эрэгтэй хүний энгийн дээлийг ямар хугацаанд, хэдэн төгрөгөөр оёдог вэ?

-Эрэгтэй хүний нэг бүтэн дээлийг оёход өдрийн талыг зарцуулдаг. Ихэвчлэн ганц гараараа ажилладаг болохоор тэр байх. Гэхдээ гар машин биш цахилгаан машин хэрэглэснээр илүү хурдан ажиллаж байна. Байнгын үйлчлүүлэгч гэж үгүй болохоор зах зээлийн үнээс хамаагүй хямд үнээр оёж захуудад нийлүүлдэг. шүү.

-Олон цагаар сууж оёдол хийнэ гэдэг бэрхшээлтэй биз?

-Олон бэрхшээл бий. Бид нар шиг хүмүүс цоо эрүүл, энгийн хүмүүсийн түвшинд хүрч гүйцэтгэлтэй ажиллана гэж байхгүй. Анх цахилгаан машин ажилуулж сурч байхдаа зүүнд хатгуулах тохиолдол гарч байлаа. Өдөрт хэдхэн цаг ажиллавал арай өөр хэрэг. Олон цагаар эрүүл хүн шиг хичээж ажиллана гэдэг тэвчээр шалгасан хүндхэн даваа шүү.

-Ер нь орлого тань амьдралд хүрэлцэж байна уу?

-Эгч нь гурван хүүхдээ хүний дайтай болгох гэж зүтгэж л явна. Хэр олон дээл хийнэ тэр мөнгөнийхөө хэмжээгээрээ амьдарна. Илүү олж чаддаг бол илүү сайхан амьдармаар л байна. Яг нэг элбэг хангалуун хүрч байна гэхэд хэцүү. Өнөө, маргаашаа аргацааж л явна. Гэсэн ч хүн царайчилж зүгээр суухгүй хөдөлмөрлөж байгаадаа баярладаг.

-Олон захиалагч, хамтран ажиллах байгууллагатай болох талаар бодож байв уу?

-Өө тэгэлгүй яахав. Удаан алхдагч хүрэхгүй гэхийн зовлон байхгүй шүү дээ. 2017 оны зун Ордос хотын “Отгын баруун хошуу” гэдэг газарт очиж ажиллаж байлаа. Манай нэг найз холбож өгсөнөөр биднийг авч очиж байсан. Найз маань одоо хамт ажиллахгүй байгаа ч аль чадахаараа захиалга олж өгөөд оёсон дээл байвал авч зардаг. Өвөр Монголын сургуулиас хүүхдийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцас оёулах гэрээ байгуулсан. Даанч материал авч хийх хөрөнгөгүй байсан болохоор гэрээ цуцлагдсан. Уг нь их сайхан боломж байсан юм.

-Хэдий группт орсон ч ажил хийж байгаа нэрийдлээр хасчихдаг тохиолдол байх шиг байна.

-Энэ үнэн шүү. Групп-д ороход маш их хавчдаг. Ийм материал бүрдүүл, ингэсэн байх ёстой, тэгээгүй байна гээд л асуудал их гарна. Наад хөл, гар чинь явж болоод ирж байгаа юм чинь яагаад цаашаа явж болохгүй байгаа юм гэх нь холгүй юм хэлнэ. Эмч, мэргэжилтнүүд л бидний зовлонг ойлгохгүй бол хэцүү шүү дээ. Тэр хүмүүс нэгэнтээ биднийг ажилд аваад ажиллуулчихгүйгээс хойш халамжийн хэдхэн төгрөгөнд маань халдаж яах нь вэ. Яаж ийгээд зүтгээд амьдрах гэж явахад улсаас олгож байгаа зүйлийг олгох л хэрэгтэй. Эрүүл саруул байсан бол төр засгийг горьдохгүй хүний зэрэгтэй амьдрана. Танил талгүй л бол хөдөлмөр эрхлэх боломжгүй болтлоо хавчигдаж байна.

-Сургуулийн насны хүүхдэд хэдий хэмжээний төсөв зарцуулж байна вэ?

-Өдий төдий гэж тооцоолохоо ч байсан. Хүүхэд минь бусдаас битгий дутаасай л гэж боддог. Сар болгон анги цэвэрлэгээний мөнгө, баяр ёслолууд, урлаг спортын ажил гээд ер нь хүнд тусдаг. Гэлээ гээд миний л үүрэх ёстой ачаа, хувь тавилан юм чинь хэндээ ч нялзайхав. Хөдөлмөрлөхгүй л бол халамжийнхаа хэдэн төгрөгөөр амьдрана гэж байхгүй.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Г.Ган-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.