🔴БОУАӨЯ: Нэг тэрбум 88 сая төгрөгөөр баавгайг унтуулах зүү шидэгч буу, булчин сулруулагч бодис худалдан авна

AI хөрвүүлсэн
🔴БОУАӨЯ: Нэг тэрбум 88 сая төгрөгөөр баавгайг унтуулах зүү шидэгч буу, булчин сулруулагч бодис худалдан авна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд баавгай хүн рүү халдаж, нэг иргэний амь насыг хохироосон хэрэг гарсантай холбогдуулан БОУАӨЯ, НБОГ, НОБГ, НЭМГ-аас хамтарсан албан ёсны мэдээлэл өглөө. 

Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр

-Улиастайн аманд гарсан харамсалтай хэрэг дээр шуурхай баг 02:00 цагт газар дээр нь очиход нэг иргэн амь насаа алдсан, хамт байсан иргэн гэмтэл авч, айлд очин дуудлага өгсөн нөхцөл байдалтай байсан.

Улаанбаатар хотын ногоон бүсэд баавгай 2018 онд хоёр удаа, 2019 онд нэг удаа орж ирсэн гэж бүртгэгдэж байсан. Харин энэ намар нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс 24 нь баавгай бодитоор орж ирсэн дуудлага байсан. 

Нийслэлийн Засаг даргын 1316 тоот захирамжийн дагуу баавгайг ичих хүртэл шуурхай баг ажиллах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай техник хэрэгслийн төсвийг шийдвэрлэсэн. БОУАӨЯ-наас аравдугаар сарын 7-ны өдөр хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд тухайн баавгайг цагдаагийн байгууллагын хяналт дор аюулгүй болгох зөвшөөрлийг олгосон. Гэхдээ эвш, бамбаруушийг агнаж болохгүй гэсэн чиглэлтэй байгаа.

Одоогийн байдлаар нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техник хэрэгсэлтэй баг дулаан мэдрэгч дрон болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр баавгайг эрэн хайх ажиллагаа явуулж байна. 

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням: 

-Улсын хэмжээнд энэ онд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт нийт 754 удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүний 80 орчим хувь нь бамбарууш болон эвш байна.

Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэг тэрбум 88 сая төгрөг шийдвэрлэж, үүний хүрээнд унтуулах зүү шидэгч буу, булчин сулруулагч бодис зэрэг шаардлагатай хэрэгслийг худалдан авахаар холбогдох хуулийн дагуу шууд гэрээ байгуулах урилгыг shilen.gov.mn сайтад байршуулан ажиллаж байна. 

Амьтны тухай хуулийн 35.1, Эрүүгийн хуулийн 4.1 дэх заалтыг үндэслэн хүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн нөхцөлд баавгайг агнах зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд одоогоор 8 аймагт 27 зөвшөөрөл олгосноос 6 газарт устгал хийсэн мэдээлэл байна. Хэнтий аймагт устгагдсан баавгайд задлан шинжилгээ хийхэд ходоод, хоол боловсруулах эрхтэнд нь ямар нэгэн тэжээлийн зүйл байгаагүй дүгнэлт гарсан.

Эрдэмтдийн дүгнэлтээр энэ жил цаг агаарын нөхцөл, хуурайшилт, хоол тэжээлийн хомстол зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Иймээс энэ жил үйлдвэрийн аргаар самар түүхийг хориглосон, зөвхөн Өвөрхангай аймгийн нэг суманд ахуйн зориулалтаар 200 тонн самрын зөвшөөрөл олгосон. 

Мөн Монгол Улсын хэмжээнд 1986 оноос хойш баавгайн нэгдсэн тооллого хийгдээгүй. Цаашид Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн аргачлалаар зэрлэг амьтдын тоо толгойг нарийвчлан тоолохоор төлөвлөж байна. Зүү шидэгч буу, тусгай бэлдмэлүүдийг импортоор оруулж ирэн 11 аймаг, нийслэл болон ТХГН-үүдэд хуваарилж, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулна. 

Зөвшөөрлийн тухайд Амьтны тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу найман аймагт 27 зөвшөөрлийг олгоод байна. Урьдчилан сэргийлэх ажлын хувьд зөвхөн Монголд биш, Япон, ОХУ, Европын орнуудад ч баавгай суурьшлын бүс рүү орж ирэх эрсдэл ихэссэн. Хохирлын тухайд аймаг бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал, гэр орон, хашаа саравч эвдсэн 80 гаруй, мал амьтан барьсан 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн их давтамжтай нь Хэнтий аймагт 209, Дархан-Уулд 210, Сэлэнгэд 86, Хөвсгөлд 65 тохиолдол гарч, холбогдох арга хэмжээг авч байна. 

Засгийн газрын тогтоол гарсны дагуу нийт 135 сая төгрөгийг орон нутгийн байгууллагууд болон 15 тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн. Харин үлдсэн 810 сая төгрөгөөр худалдан авах дөрвөн багц ажлын техникийн даалгаврыг боловсруулсан. Эдгээрийн гурван багц нь (унтуулах зүү шидэгч буу, булчин сулруулагч бэлдмэл, амьтан үргээгч шүршигч) Монгол Улсад байдаггүй, гадаадаас импортолдог хэрэгслүүд. Тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулах урилгыг тавьсан бөгөөд 5 хоногт гэрээгээ хийж, 30 хоногийн дотор нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэрэв нийслэлийн бүсэд дахин аюултай нөхцөл үүсвэл хуулийн дагуу аюулгүй болгох зөвшөөрлийг шат дараатай нэмэгдүүлэн олгоно. Зүү шидэгч буу өмнө нь зөвхөн судалгаа шинжилгээний байгууллагад л цөөн тоогоор байсан. 

Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол ихэссэн нь зөвхөн хоол тэжээлийн хомстол биш. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт, ойн түймэр, хүний хүчин зүйл нөлөөлж байна. Мөн байгалийн жамаараа хүчтэй баавгай нь сул доройгоо амьдрах орон зайнаасаа шахан гаргадаг тул суурьшлын бүс рүү орж ирж буй баавгайн 80 хувь нь бие гүйцээгүй бамбарууш байна. Мөн одоо ичээндээ орохын өмнө их хэмжээний энерги хуримтлуулах гэж хоол тэжээл эрж хайн ийнхүү суурьшлын бүс рүү орж ирж байна.

Урьд шөнө халдлага гарсан Улиастайн голын дээд хэсэгт нийт 156 айл өрх зусаж, сүү цагаан идээ боловсруулан суурьшиж байна. Эдгээр айлууд нь суурин газрынх шиг бат бөх хашаа хамгаалалтгүй, задгай газарт монгол гэртэй байгаа тул баавгай шууд гэр рүү дайрсан тохиолдол гарлаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.