ЦЕГ: Цагдаагийн газраас тухайн баавгайг эрэн хайх, олж тогтоох ажиллагааг зохион байгуулж байна

AI хөрвүүлсэн
ЦЕГ: Цагдаагийн газраас тухайн баавгайг эрэн хайх, олж тогтоох ажиллагааг зохион байгуулж байна

Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын гэр рүү баавгай дайрч, нэг хүний амь насыг хохироон, нэг хүнийг хүндээр гэмтээсэн хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Он гарснаас хойш нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гэх долоон дуудлага бүртгэгдээд байсан бөгөөд энэ удаагийнх найм дахь тохиолдол болж байна. 

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Баярбилэг: 

-Байгаль орчны газарт 2026 оны байдлаар баавгай үзэгдсэн, явж байна гэсэн нийт 1597 тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас Байгаль орчны газартай хамтран, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын албан хаагчид тухайн баавгайг эрэн хайх, олж тогтоох ажиллагааг тус газарт зохион байгуулж байна. 

Дээрх гарсан хэрэгтэй холбогдуулан эрэн хайх ажиллагаанд дрон болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг эрх бүхий байгууллагууд ашиглан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхэд өртсөн гэх мэдээлэл гарсан нь үндэслэлгүй. Тухайн айлд мал маллаж байсан хоёр насанд хүрсэн иргэн л байсан. 

Бурхантын ам нь нэлээд алслагдмал байршилтай хэдий ч цагдаагийн байгууллага мэдээлэл хүлээн авсан даруйдаа газар дээр нь шуурхай очиж, холбогдох чиг үүргийн байгууллагуудад мэдэгдэн ажилласан. 

Зэрлэг амьтан дайрсан тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалт хуульд тодорхой тусгагдаагүй байдаг. Тиймээс иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангах, төрийн эрх бүхий байгууллагуудаас хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчны яамнаас баавгайтай холбоотой асуудалд хяналт тавьж, сэрэмжлүүлэг хүргэх, барьж шилжүүлэх зэрэг ажлыг хийж байна. 

Хэрэв баавгайтай таарвал чанга дуу чимээ гаргах, гэнэтийн хурдан хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Аюул тулгарсан даруйд холбогдох мэргэжлийн байгууллага, цагдаад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.