100 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагч нарыг шалгаж дуусжээ
Нийслэлийн татварын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарт холбогдох их хэмжээний хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ.
Тиймээс дээрх хоёр байцаагч болон хахууль өгсөн хүмүүст дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн байна. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХК-ийн 2021-2023 оны татвар төлөлтийг дээрх хоёр байцаагч шалгасан байдаг.
Улмаар татварын тодорхой хэмжээний зөрчлүүд илрүүлсэн гэдэг. Гэвч ажлаа умартан, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд 2025 оны есдүгээр сарын 30-нд 100 сая төгрөгийн хахууль тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Нандинцогоос найзаар нь дамжуулж авсан хэрэгт холбогдсон. Улмаар уг мөнгөний “зүсийг хувиргаж” угаасан хэрэгт буруутгагдсан юм.
НПГ-аас энэ оны дөрөвдүгээр сард татварын байцаагч А.Бадам, Б.Цогтбаатар нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, 22.10-1-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-д заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан шилжүүлсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Харин “Дарцагт ноёд групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Нандинцогийг мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргаснаар АТГ-ынхан дахин шалгасан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.