Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргаланд дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргаланд дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа хийж дуусжээ.

Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Ж.Энхжаргалан 2024 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2025 оны зургаадугаар сард ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон. Улмаар дээрх компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр түүнийг чөлөөлж, өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

Ийнхүү чөлөөлөгдсөн атал Ж.Энхжаргалан нэр бүхий иргэдийг ажилд авах, халах, мөнгөн урамшуулал, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгэх, түрээсний, худалдан авах гэрээнүүд байгуулсан гэх хэрэгт холбогдсон. Мөн албан тушаалаа урвуулан “Каар трейд” гэх компанитай үнэлгээний хороо байгуулаагүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийн гэрээ шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулсан хэмээн буруутгагдсан юм. Түүнчлэн өөрийн хамаарал бүхий, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэг “Би ар би” ХХК-ийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан юм.

Өнгөрсөн тавдугаар сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч Ж.Энхжаргалан “Хотын дарга Х.Нямбаатарыг асуулгах хүсэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, прокурорын шатанд ч тавьж байсан. Түүнээс гэрчээр мэдүүлэг авах хүсэлт одоо ч бас гаргамаар байна” хэмээсэн байдаг. Улмаар Х.Нямбаатар болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ-ийнхнөөс гэрчийн мэдүүлэг авхуулахаар болсныг мөрдөгчид гүйцэтгээд прокурорын хяналтад дахин шилжүүлсэн нь энэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.