Албаны нохдоо машиндаа үлдээн үхүүлсэн цагдаагийн офицерыг эрүүгийн хэрэгт татжээ
АНУ-ын Нью-Жерси мужийн Сэйлем тойргийн Прокурорын газраас албаны хоёр нохойг эргүүлийн халуун машинд долоон цагийн турш үлдээж, амь насыг нь хохироосон Шерифийн газрын К-9 албаны дарга, түрүүч Коди Л. Хэндерсонд эрүүгийн хэрэг үүсгэн яллахаар болсноо албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү харамсалтай хэрэг явдал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд эрх бүхий байгууллагаас шалгалт явуулсны эцэст долоодугаар сарын 7-ны өдөр түүнд амьтантай зүй бус харьцсан хэргээр албан ёсоор ял тулгасан байна.
Амь үрэгдсэн нохдын нэг нь тэсрэх бодис илрүүлэх чиглэлээр таван жил алба хаасан, 6 настай Спрингер Спаниэль үүлдрийн Бүүмэр (Boomer) байсан бол нөгөөх нь хар тамхи илрүүлэх болон эргүүлийн албанд гурван жил зүтгэсэн, 4 настай Бельги Малинуа үүлдрийн Рип (Rip) байжээ. Хэрэг гардаг өдрийн өглөөний 08:30 цагт түрүүч Хэндерсон Сэйлем тойргийн шүүхийн цогцолборт өөрийн албаны "Chevrolet Tahoe" машинаар ирсэн байна.
Тэрээр машинаа унтрааж, цонхнуудаа бүрэн хаан, агааржуулагчийг ажиллуулалгүйгээр хоёр нохойг дотор нь үлдээжээ. Хяналтын камерын бичлэг болон цахим түлхүүрийн бүртгэлээс үзэхэд Хэндерсон шүүхийн байранд ойролцоогоор долоон цаг байхдаа нохдоо нэг ч удаа шалгаагүй байна.
Тухайн өдөр гадаа +25+27 хэм орчим байсан ч агааржуулалтгүй хаалттай машины доторх температур ердөө нэг цагийн дотор +49 хэм давж халсан байна. Үдээс хойш 15:30 цагийн орчимд Хэндерсон машиндаа эргэж ирэхэд ноход ухаангүй байсан бөгөөд Делавэр мужийн малын эмнэлэгт хүргэсэн боловч хэдийнэ амьсгал хураасан байжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ноход халууны цохилтод орж үхсэн нь тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн ноцтой алдаа дутагдал илэрсэн байна.
Тухайн "Chevrolet Tahoe" автомашин нь бүхээг хэт халсан тохиолдолд цонхыг автоматаар буулгаж, дохиолол өгөх зориулалттай "Hot-N-Pop" хэмээх тусгай хамгаалалтын системээр тоноглогдсон байжээ. Мөрдөгчид уг системийг шалгаж, бүрэн ажиллагаатай байсныг тогтоосон бөгөөд Хэндерсон түүнийг гараар унтраасан байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн шүүхийн хонгилд нохдыг өдрийн цагаар байлгах зориулалттай тусгай байр бэлэн байсан ч тэрээр ашиглаагүй бөгөөд автомашины агааржуулагч өмнө нь асуудалтай байсан ч хэрэг гарах үед машин бүрэн унтраастай байсан тул техникийн саатал нөлөөлөөгүй гэж үзжээ.
Сэйлем тойргийн Прокурорын газраас 41 настай Коди Л. Хэндерсонд амьтныг тарчилган зовоосон, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлээгүй, амьтныг хүнд нөхцөлд 30 минутаас илүү хугацаагаар уяж хорьсон зэрэг хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Хэрэг явдалтай холбогдуулан түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн бөгөөд 2026 оны долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цалингүйгээр үргэлжлүүлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэйлем тойргийн Шериф Чак Миллер албаны нохдынхоо араас гашуудан мэдэгдэл хийж, тэдний олон нийтийн аюулгүй байдлын төлөө зүтгэсэн гавьяаг хэзээ ч мартахгүй гэдгийг онцолсон байна. Хэндерсоны шүүх хурал долоодугаар сарын 30-ны өдөр эхлэхээр товлогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.