Перу улсын иргэдийг хууран мэхэлж Оросын армид элсүүлсэн хэргийг шалгаж байна
Перу улсын ядуу буурай давхаргын олон зуун залуусыг "Өндөр цалинтай иргэний ажилд зуучилна" хэмээн хууран мэхэлж, Орос-Украины дайны фронтын тэргүүн эгнээнд албадан тулалдуулж буй ноцтой хэргийг тус улсын Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан сард 2000-3000 ам.долларын цалинтай тогооч, хамгаалагч, жолоочийн ажил амлаж, Орост аваачсаны дараа бичиг баримтыг нь хураан авч, цэргийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулан дайны бүс рүү илгээх замаар хүмүүсийг хохироосон байна.
Хууран мэхлэгдсэн иргэд дайны халуун цэгт очсон даруйдаа суваг шуудуу ухах, бэхлэлт барих зэрэг аюултай ажилд дайчлагдаж, нисгэгчгүй дроны довтолгоонд өртөж байгаагаа ар гэрийнхэндээ илгээсэн дуут болон дүрс бичлэгтээ өгүүлжээ. Тэднийг алахаар сүрдүүлэн, байлдааны бүсийг орхихыг хориглодог бөгөөд тэднийг ямар ч хамгаалалтгүйгээр аюултай бүс рүү илгээж байгааг хохирогчид хэлж байна. Тухайлбал, Лима хотын нисэх онгоцны буудлаас нэгдүгээр сард Оросын армид тогоочоор ажиллахаар явсан 31 настай хүү нь Украины ой модонд цэргийн хувцастай суваг шуудуу ухаж буй бичлэгийг ээж Норма нь хүлээн авчээ.
Хохирогчдын гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Перси Салинасын тооцоолсноор, 2025 оны аравдугаар сараас хойш 600-800 орчим Перу улсын иргэн уг хуурамч сүлжээнд автан Оросыг зорьсон байна. Одоогийн байдлаар тус улсын дор хаяж 13 иргэн дайны талбарт амь үрэгдсэн нь тогтоогдоод байгаа юм.
Олон улсын харилцааны талаарх мэдлэг дутмаг, санхүүгийн хүнд байдалд орсон залуус ийм төрлийн залилангийн гол бай болж байгааг Перугийн Гадаад хэргийн яамны хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн захирал Педро Браво тэмдэглэв.
Лима хот дахь Оросын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны гадна хохирогчдын ар гэрийнхэн олон долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, сураггүй болсон төрөл төрөгсдийнхөө талаар мэдээлэл өгөхийг шаардаж байна.
Тус улсын хууль хяналтын байгууллага одоогоор иргэдээс ирсэн 36 албан ёсны гомдлыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, уг ажиллагааг хүн худалдаалах гэмт хэрэг хэмээн үзэж байгаа юм. Гадаад хэргийн яамнаас Оросын талд хандан иргэдийнхээ байршил, биеийн байдлыг тодруулахыг шаардсан бөгөөд одоогоор хууртагдсан 18 иргэнийг эх оронд нь буцаан авчраад байна.
Энэ хэрэг явдал нь ОХУ-ын зүгээс дайны хүчний дутагдлаа нөхөх зорилгоор хөгжиж буй орнуудын иргэдийг системтэйгээр элсүүлж буй дэлхий нийтийн тактикийн нэг хэсэг юм. Перу улсаас гадна Непал, Куба, Энэтхэг зэрэг Латин Америк, Ази, Африкийн орнуудын иргэд ижил төстэй аргаар хууртагдан Украины дайнд дайчлагдсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Украины тагнуулын албаны тооцоолсноор Оросын арми ийм албадлагын аргаар олон арван мянган гадаадын иргэдийг эгнээндээ нэгтгээд байгаа ажээ.
Эх сурвалж:
• kesq.com
• ua.news
• unn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.