Жеффри Эпштейнийн нууц баримт бичигт дурдагдсан хүүг 16 жилийн дараа эрчимтэй хайж эхлэв
АНУ-ын Орегон мужийн Портленд хотын Скайлайн бага сургуулиас долоон настай Кайрон Ричард Хорман гэж хүү сураггүй алга болоод яг 16 жил өнгөрч байгаа ч түүнийг эрэн хайх ажиллагааг шинэ шатанд гаргаж буйгаа хууль сахиулах байгууллагууд өчигдөр мэдэгдлээ.
Орон нутгийн цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчоо хамтран хэргийн бүх материалыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар нотлох баримтуудыг дахин шинжилж эхэлсэн байна.
Малтнома мужийн Шерифийн албанаас мэдээлснээр, мөрдөгчид Кайрон Хорманы хэрэгт холбогдох 5300 гаруй бичмэл баримт бичиг, тайлан, гэрэл зураг болон биет нотлох баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлжээ. Нийт хагас терабайт буюу 500 гаруй гигабайт хэмжээтэй өгөгдлийн санг бүрдүүлснээр орчин үеийн мөрдөн байцаах программ хангамж болон цахим криминалистикийн тусламжтайгаар өмнө нь илрүүлэх боломжгүй байсан шинэ сэжүүр, хамаарлуудыг олж тогтоох боломж бүрдэж байгаа юм.
Хэргийг дахин нягтлах ажилд хүний нөөцийг нэмэгдүүлж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.
Холбооны мөрдөх товчоо, Малтнома мужийн Прокурорын газар, Зүүн мужийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх баг болон Портлендийн Цагдаагийн товчоо хамтран ажиллаж байна. Малтнома мужийн Прокурор хэргийн явцын талаар хэлэхдээ, олон нийтэд шинэ мэдээлэл өгөхгүй байгаа нь ажил зогссон гэсэн үг биш бөгөөд шударга ёсыг тогтоох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгийг онцолжээ.
Кайрон Хорман 2010 оны зургадугаар сарын 4-ний өдөр сургуулийнхаа шинжлэх ухааны үзэсгэлэнд оролцож, улаан нүдтэй модны мэлхийний талаарх танилцуулгынхаа хажууд авахуулсан зураг нь түүний хамгийн сүүлчийн дүр төрх болон үлдсэн юм. Түүнийг хамгийн сүүлд хойд эх Терри Хорман нь харсан бөгөөд үүнээс хойш хүү сураггүй алга болжээ. Энэ хэрэг нь Орегон мужийн түүхэн дэх хамгийн том шалгалт, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй, хүүгийн сураг гараагүй хэвээр байгаа юм.
Саяхан буюу 2026 оны хоёрдугаар сард Жеффри Эпштейнтэй холбоотой Холбооны мөрдөх товчооны нууцаас гаргасан баримтуудад Кайроны нэр дурдагдсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тус баримтад Канад улсад хүүхдийн наймааны сүлжээ ажиллаж байгаа тухай нэрээ нууцалсан мэдээлэгчийн мэдээлэл байсан ч Холбооны мөрдөх товчоо болон Кайроны төрсөн эх Дезире Янг нар үүнийг ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл болохыг баталжээ.
Одоогийн байдлаар хүүг олоход туслах найдвартай мэдээлэл өгсөн хүнд 50,000 ам.долларын шагнал амласан хэвээр байгаа бөгөөд хууль сахиулагчид иргэдийг мэдээлэл ирүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж:
•
• fbi.gov
• mcso.us
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.