Английн амьтны хүрээлэнд матарны хашаа руу хүүхэд шидсэн гэх хэргийг шалгаж байна
Их Британийн нэгэн гэр бүлийн амьтны хүрээлэнд гурван настай хүү матарны хашаа руу унаж, хүнд бэртсэн ноцтой хэрэг гарчээ.
2026 оны 6 дугаар сарын 18-ны пүрэв гаргийн үдээс хойш гарсан уг хэрэгт холбогдуулан Норфолк хотоос гаралтай 30 настай эрэгтэйг хүн аминыг хөнөөхийг завдсан хэргээр сэжиглэн баривчлан шалгаж байна. Кембрижшир мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, хүүг танихгүй хүн матарны хашаа руу шидсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.
Хэрэг гарсан даруйд буюу өдрийн 13:24 цагийн орчимд амьтны хүрээлэнгийн эзэн Энди Жонсоны эхнэр Трейси Жонсон матарны хашаа руу шууд үсрэн орж, хүүг аюулгүй газарт татан гаргаж чаджээ.
Хүү унах үедээ гар болон аарцагны ясаа хугалж, хүнд бэртсэн бөгөөд Кембриж хотын Адденбрук эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хүнд боловч тогтвортой байгаа аж. Албаныхан хүүгийн бэртэл матарт хазуулснаас үүдэлтэй, эсвэл өндрөөс унах үеийн цохилтоос болсон уу гэдгийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Кембрижшир мужийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хэргийг "онц ноцтой тохиолдол" хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөрдөгч байцаагч тухайн үед амьтны хүрээлэнд байсан гэрчүүдийг цагдаагийн байгууллагатай холбогдож, мэдээлэл өгөхийг уриалсан байна. Орон нутгийн зөвлөх Шарлотт Лоугийн хэлснээр, тус амьтны хүрээлэнгийн матарны хашаа нь дөрвөн фут орчим өндөр хашаа, явган хүний гүүрэн гарцаар хамгаалагдсан, матарнууд нь тавцангаас доош 15 орчим футын гүнд байрладаг тул аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан байсан гэдгийг онцолжээ.
Хэрэг гарсан Johnsons of Old Hurst амьтны хүрээлэнгийн захиргаанаас хохирогч хүү болон түүний гэр бүлд тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Хүндэтгэлийн үүднээс матар, матар хэлбэртнүүд байрладаг Тропик ордныг тодорхойгүй хугацаагаар хаасан бөгөөд амьтны хүрээлэнгийн бусад хэсэг хэвийн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.