Камчаткийн хойгт долоон жуулчин сураггүй болжээ
ОХУ-ын Камчаткийн хойгийн Налычево байгалийн цогцолбор газарт аялж явсан долоон жуулчин хүчтэй цасан шуурганы үеэр сураггүй болж, тэднийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлээд байна.
Тус бүлэг жуулчид майхан болон хиймэл дагуулын холбооны утасгүйгээр байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр товлосон хугацаандаа ирээгүй тул тэднийг албан ёсоор сураггүй болсонд тооцжээ.
Есөн хүний бүрэлдэхүүнтэй бүртгэлтэй жуулчдын баг гуравдугаар сарын 28-ны өдөр Пиначево тосгоноос цанаар аялахаар гарсан байна. Гэвч дөрөвдүгээр сарын 3-ны өдөр багийн гишүүдийн хооронд маргаан гарч, бүлэг хоёр хуваагджээ. Хоёр жуулчин цорын ганц майхан болон хиймэл дагуулын утсаа авч богино замаар буцсанаар эсэн мэнд ирсэн бол үлдсэн долоон гишүүн Авачинскийн даваа руу үндсэн маршрутын дагуу аяллаа үргэлжлүүлсэн байна.
Сураггүй болсон жуулчид дөрөвдүгээр сарын 6-нд богино хугацаанд холбоо барьж, биеийн байдал сайн байгаагаа мэдэгдэж байжээ. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Шумная голын хүрхрээний орчимд цаснаар явагч хөлөглөсөн хүмүүс тэдэнтэй таарсан байна. Тухайн үед жуулчид нэг хоногийн дотор Авачинскийн даваанд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч дөрөвдүгээр сарын 8-нд Камчаткийн өмнөд хэсгийг хүчтэй циклон дайрч, салхины хурд ширүүсэж, их хэмжээний цас орсон нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ.
Камчаткийн Онцгой байдлын сайд Сергей Лебедев жуулчдын амь насанд ноцтой аюул тулгараад байгаад ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрээр жуулчид шуурганд зүг чигээ алдсан байх магадлалтай бөгөөд хоргодох байр, майхангүй тул осгох өндөр эрсдэлтэй байгаа аж.
Орон нутгийн Мөрдөн байцаах хорооноос аюулгүй байдлын шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 238 дугаар зүйлийн дагуу урьдчилсан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү шалгалтаар аяллыг зохион байгуулагчдын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Цаг агаарын хүнд нөхцөл байдал аврах ажиллагаанд саад учруулж байгаа ч мэргэжилтнүүд эрэн хайх ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байна.
Эх сурвалж:
• kam24.ru
• news.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.