🔴Л.Гантөмөр: Хариуцлага тооцох нэрээр Үндсэн хуулийн цэцийг улс төрийн зорилгоор ашиглахаас болгоомжлох хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Л. Гантөмөр парламентын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр гишүүдэд хариуцлага тооцох зарчмыг дэмжиж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх аргачлал нь улс төрийн хараат байдалд орох вий гэдэгт болгоомжтой хандаж буйгаа онцлов. Тухайлбал, гишүүний асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаа нь Цэцийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж байгааг дурдсан юм.

УИХ-ын гишүүн Л. Гантөмөр:

-Өнөөдрийн Цэцийн бүрэлдэхүүн нь сүүлийн 10 жилд эрх барьж байсан хүмүүсийн буюу Г. Занданшатар, У. Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ нарын томилгооны хүмүүсээс бүрдэж байна. Ийм нөхцөлд сөрөг хүчний гишүүдийн асуудлыг хэлэлцэхэд Цэц хараат бусаар шийдвэр гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд энэ нь парламентын засаглалын дархлаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Ард түмний бухимдаж буй гол шалтгаан нь төрийн тусгай эрх мэдлийг ашиглан баяжиж байгаа явдал. Монголын төр гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа дамжин тендер, тусгай зөвшөөрөл авдаг үе залгамжилсан тогтолцоо руу орж байна. Үүнээс болж жирийн малчин, багш, эмч, жолоочийн хүүхдүүд төрийн хэрэгт оролцох, улс орноо удирдаж явах боломж нь хаагдаж байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг бодитой шийдвэрлэхийн оронд ёс суртахуун ярьж байгаа нь асуудлаас зугтаж буй хэлбэр гэж үзэж байна. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны луйвар, оффшор бүс дэх хөрөнгө зэрэг томоохон хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй, харин ч холбогдсон хүмүүс нь сайд, даргын суудалд очсоор байгаа. Улс төрийн шийдвэр болон гэмт хэргийг нэг сагсанд хийж хутгаснаар жинхэнэ хулгайч нар хариуцлагаас мултарч, дунд нь жирийн иргэд хэлмэгдэж байна. Ёс зүйн асуудлаа ёс зүйн хороон дээрээ дуусгая. Ёс зүйн дээд хэмжээ буюу авлига, ашиг сонирхлын хэргийг маш тодорхой шийдэх гарц гаргалгааг энэ засгийн газар олоё.

Улс төрийн шийдвэр, хулгай хоёрыг нэг сагсанд хийсэн нь одоо шийдвэр гарахгүй будилахад хүргэж байна. Монголын боловсролын доройтлыг А.Бямбажаргал багшийн хувьд хэлсэн. Би хуурамчаар дүн тавьдаг гэж. Тэгэхээр Монголын төрд хуурамчаар дүн тавьдаг хүмүүс ажмллахаар буруу шийдвэр л гаргана шүү дээ. 

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламент өөрийн дархлаагаа хамгаалж, хууль шүүхийн өмнө бүгд тэгш байх зарчмыг баримтлах байх гэж найдаж байна. Хариуцлага тооцох механизмыг тодорхой болгохдоо улс төрийн өшөө авалтын хэрэгсэл болгохгүй байх, ялангуяа 2028 оноос хэрэгжиж эхлэхээр зохицуулалтыг хийх нь зүйтэй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.