🔴Б.Хэрлэн: Гишүүд хариуцлагатай байснаар парламентын дархлаа улам бэхжинэ
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн УИХ-ын гишүүний ёс зүйн тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй гишүүд хариуцлагатай, сахилга баттай байх ёстойг онцлоод, алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээдэг, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь энэхүү хуулийн гол үзэл баримтлал гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-Ёс суртахуун нь хувь хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой асуудал хэдий ч төрийн түшээ хүний хувьд гүйцэтгэж буй үүрэг хариуцлагадаа нийцэж ажиллах нь зарчмын шаардлага юм. УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэж, өөрийн баталсан хуулиа ягштал биелүүлдэг, хуулийг дээдэлдэг байх үүрэгтэй.
Гишүүд сонгогчдодоо өгсөн амлалтдаа үнэнч байх, намын мөрийн хөтөлбөр болон үзэл баримтлалдаа тууштай хандах, төрт ёс, түүхэн уламжлалаа хүндэтгэх зэрэг үндсэн зарчмуудыг хуульчлах шаардлагатай. Энэ нь хувь хүний хүмүүжил төлөвшлөөс ангид, төрийн түшээ хүний хувьд заавал мөрдөх ёстой хэм хэмжээ бөгөөд гишүүн бүр өөрийн үүрэгт нийцэж ажиллах ёстой.
Гишүүд сахилга баттай, хариуцлагатай байж, ард түмний итгэлийг ухамсарлан ажилласнаар парламентын дархлаа улам бэхжинэ. Энэ хуулийн төсөл нь Монголын төрийн ирээдүйн төлөө хийж буй чухал алхам. Түүнчлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг үндэслэн хариуцлага тооцох механизм бүрдэх нь зүйтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.