🔴А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүний хариуцлагын хууль бол парламентын дархлааг хамгаалах зорилготой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын гишүүний хариуцлагын тухай хуулийн төслийн талаар тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хууль нь төрийг төр шиг, Их хурлыг Их хурал шиг, гишүүнийг гишүүн шиг байлгах, хариуцлагажуулах, эзэнжүүлэх тогтолцоог бүрдүүлэх үндсэн зорилготойг онцлов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
-Хуулийн төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох явдал. Өнөөдөр УИХ-ын тухай хууль болон Үндсэн хууль хоорондоо зөрчилдөж байгаагаас үүдэн авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон гишүүнийг эргүүлэн татаж чадахгүй байгаа асуудлыг нэг талд нь гаргах шаардлагатай. Энэ хуулийн зөрчлийг арилгаж, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг УИХ өөрөө хэлэлцэн тодорхойлох ёстой.
"Ерөнхийлөгчийн институцээс энэ хуулийг гишүүдэд тулгаж байгаа хэрэг биш. Бид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж, ерөнхий нөхцөлийг нь оруулж ирж байна. Харин ёс зүйн зарчмаа хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хариуцлага тооцох вэ гэдгийг УИХ өөрсдөө хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх бүрэн эрхтэй".
Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг намаас нь эргүүлэн татах тухай заалт нь холимог тогтолцооны үед нам өөрөө хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа юм. Иргэд намыг дугуйлж сонголт хийсэн учраас тухайн нэр дэвшигчийн ёс зүйн асуудалд нам нь хариуцлага хүлээх механизм байх ёстой. Энэ нь улс төрийн намуудыг хариуцлагажуулах шинэчлэлийн нэг хэсэг.
Энэ хууль нь парламентын ардчилалд халдаж байгаа хэрэг биш, харин түүнийг дархлаажуулж, иргэдийн итгэлийг сэргээх зорилготой. Эрхэм гишүүд энэ хуулиас айх хэрэггүй. Ёс зүйтэй, зарчимтай, ажилдаа ирдэг, саналаа өгдөг гишүүнийг энэ хууль хамгаална. Харин хуулийн болон бүрэн эрхийн халхавчинд нуугдаж буй хариуцлагагүй байдлыг таслан зогсоох ёстой.
Төрийн институцүүд хоорондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн институц хууль санаачлах бүрэн эрхтэй бөгөөд үүнийг улс төржүүлж, хувь хүн болон байгууллага руу дайрч давшлах нь зохисгүй үйлдэл болно. Уг хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн саналд нээлттэй бөгөөд цаашид засаж сайжруулах бүрэн боломжтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.