🔴 Б.Ган-Очир: Ардчилсан намд фракцын нөлөөлөл эрс буурч, бодлогын өрсөлдөөн давамгайлах болсон
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж, намын удирдлагын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир намын дотоод шинэчлэл болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир:
-Намын дэд дарга нарын тоог цөөлж, тав болгосон нь менежментийн хувьд илүү оновчтой шийдвэр болсон. Өмнө нь намын даргыг бүртгэхгүй байх зэргээр эрх баригчдын зүгээс ирсэн улс төрийн шахалт, хүндрэлтэй үед эв нэгдлийг хангах зорилгоор 15 дэд дарга томилж байсан нь тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон түр зуурын шийдвэр байсан. Харин одоо таван дэд даргатай болсноор үйл ажиллагаа илүү шуурхай болж, хүйсийн харьцааг 40 хувьд барин, эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахаар ажиллаж байна.
Ардчилсан намд фракцын нөлөөлөл эрс буурч, бодлогын өрсөлдөөн давамгайлах болсон. Саяхан болсон Үндэсний бодлогын хорооны сонгууль маш өрсөлдөөнтэй болж, бие даасан залуус олноор гарч ирсэн нь нам эрүүлжиж буйн илрэл юм. Шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороонд сонгогдоогүй гишүүд 2028 оны сонгуульд нэр дэвших боломжгүй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу ротацийн зарчим өөрчлөгдөж, дөрвөн жилийн хугацаатай томилгоо хийгдэх болсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.