Б.Билэгт: “Оюутолгой” компанийн 20 сая ам.долларыг завшсан гэх хэрэгт гадаад улсаас эрх зүйн туслалцаа хүссэн
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын дарга болж дэвшсэн Б.Энхбаярыг “Голомт”-ын Д.Баясгалангаас бусдаар дамжуулан их хэмжээний хахууль авсан хэмээн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар хандсан. Үүний хүрээнд Л.Оюун-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Үүнийг болон бусад холбогдох мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үнэн үү?
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 23-нд гомдол гаргасныг АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-3 -ын улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэх заалтын дагуу тухайн сарын 31-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Гаргасан гомдолтой нь холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэг хэвлэлээр мэдээлсэнчлэн дөрвөн цаг орчим үргэлжилсэн нь үнэн.
-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав зэрэг хүнээс мэдүүлэг авсан юм болов уу?
-Гомдлыг хүлээн авч хянан шалгаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоогоор зургаан хүнээс гэрчийн мэдүүлэг авч, гурван баримтад үзлэг хийгээд байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудаас таван лавлагаа гаргуулан авч, нэр бүхий арилжааны долоон банкнаас дансны хуулга, баримт гаргуулан авах прокурорын зөвшөөрлийг хүргүүлсэн. Хэрэгт холбогдуулан Б.Нямжав, Д.Уламбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэгт юу гэж ярьсныг мэдээлэх боломжгүй.
-“Голомт” банкны удирдлагаас авсан гэх 1.3 сая ам.долларын хахуулийн үйлдлийг шалгаж байгаа биз дээ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайн асуудлыг шалгахад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан зохион байгуулж ажиллаж эхэлсэн. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа гэдэгт гадаад болон дотоодоос шилжүүлсэн санхүүгийн гүйлгээний баримт, мөнгөний шилжилт хөдөлгөөн зэрэг багтдаг. АТГ гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Энэ хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг зохион байгуулж байгаа.
-А.Амундра гэрчийн хамгаалалтад авбал авлигын хэргийг илчилнэ гэсэн мэдэгдэл цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн. АТГ-аас энэ асуудлаар түүнтэй холбогдсон уу?
-“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундрад мөрдөгчийн дуудах хуудсыг цахим хаягаар нь хүргүүлсэн. А.Амундра өөрийгөө болон гэр бүлээ хамгаалалтад авахуулах хүсэлтэй байгаа талаараа өөрийнхөө цахим хуудсаараа мэдэгдсэнийг харсан. АТГ-аас А.Амундрад “Өөрийнхөө байгаа улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулж хүсэлтээ илгээх” талаар мэдэгдсэн. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд гэрчийг хамгаалалтад авах, эсэхийг АТГ дангаараа шийддэггүй. Тухайн иргэнийг хамгаалалтад авах, эсэхийг шүүх шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд “Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр гаргах үндэслэл”, мөн хуулийн 13.3 дугаар зүйлд “Хамтран ажиллах этгээдээр тогтоох” талаарх заалтыг үндэслэн шүүх шийдвэрлэдэг.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг “Оюутолгой” компаниас 20 сая ам.доллар авч хууль бусаар зарцуулсан талаар тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдэж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бол?
-2025 оны аравдугаар сарын 27-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнээс албан бичгээр гомдол гаргасан. АТГ-аас гомдол, мэдээллийг хүлээн авч 2025 оны арваннэгдүгээр сарын 6-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1-д заасан залилах, 18.6-1-ийн мөнгө угаах, 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглах гэсэн зүйл ангид заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор арав гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авах, баримт материалд үзлэг хийх, лавлагаа мэдээлэл тодруулах, арилжааны хэд хэдэн банкнаас дансны хуулга, бусад баримт гаргуулан авсан. Мөн АНУ, Англи, Австрали, Ирланд зэрэг улс орон руу Эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд хүсэлт явуулахаар төслүүдээ боловсруулан прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллага, ХЗДХЯ хянаж, тухайн улсын Гадаад хэргийн яамаар уламжилж явуулдаг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.