Б.Насантогтохын 6.9 тэрбумын үнэтэй 17 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ
Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-ынхан нэлээд эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаараа мэдээллээ. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яллагдагчаар татагдан шалгуулж буй билээ.
Тодруулбал, “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумд барьсан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталсан байдаг. Улмаар эхнэр Ч.Ариунтунгалагийнхаа нэр дээрх “Эн Ар Жи хөгжил” ХХК-тай цахилгаан дамжуулагч утас нийлүүлэх дээрх өртөгтэй гэрээ байгуулж, өөртөө болон хамаарал бүхий хүндээ давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдсан. Уг хэрэгт нь Ч.Ариунтунгалагийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон хүргэн Г.Баатар нарыг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татсан юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Насантогтох ЭХЯ-нд удирдах албан тушаал хашиж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, бэлнээр 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан. Олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болж, нэмэгдсэнээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь тодорхой болж.
Тодруулбал, хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх дөрвөн хөрөнгө, хоёр автомашин болон 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны орлогоор олсон гэдгээ тайлбарлаж чадаагүй аж. АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Насантогтохын 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Түүнд холбогдох хэрэгт дээр нэр дурдсан хоёр хүнийг оролцуулаад нийт долоон иргэн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан бөгөөд энэ хүрээнд гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдлыг тогтоосон гэнэ.
Өдгөө Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.