CU конвиниенс дэлгүүрийн хамт олон
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2014 онд ШУТИС-ийн КТМС-д Маркетингийн менежмент чиглэлээр элсэн орж, 2018 онд төгсөж байлаа. Хэдийгээр маркетингийн мэргэжилтэй ч ажлын гараагаа 2015 онд Юнител компанид дугаар борлуулагчаар эхэлж, тэр цагаас борлуулалтын салбарт 10 орчим жил ажилласан. Энэ хугацаанд хүнсний импортын компаниудад худалдааны төлөөлөгчөөс эхлээд ахлах төлөөлөгч (Supervisor) хүртэлх албан тушаалуудад ажиллажээ. Борлуулалтын салбарт туршлага хуримтлуулсан энэ цаг хугацаанд би хэрэглэгчээ сонсох, хэрэгцээг нь тодорхойлох зэрэг борлуулалтын суурь ур чадварт сайтар суралцсан гэж боддог. Цаашлаад аливаа бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт оновчтой байршуулах, борлуулалтыг бүсчлэн төлөвлөх зэрэг практик ур чадварыг эзэмшсэн.
CU-тэй холбогдсон түүх миний хувийн амьдралтай салшгүй холбоотой. Манай эхнэр амаржаад удаагүй байх үед бид салхинд гарах бүрдээ CU-гээс кофе авч уудаг байсан юм. Тухайн үед тэдний үйлчилгээний соёл, орчин надад маш таатай сэтгэгдэл төрүүлсэн учраас эхнэрийнхээ зөвлөснөөр энэ компанийг сонирхож эхэлсэн. "Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хялбаршуулах" гэх тэдний эрхэм зорилго нь миний үнэт зүйлтэй нийцсэн гэсэн үг. Тийнхүү 2025 онд хамт олныхоо нэг хэсэг болж, өдгөө 15 салбарыг хариуцан дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би CU-д ажиллаад нэг жил болох гэж байна. Миний ажилд орсон түүх их хөөрхөн. Хүүхэд насны сүүлийн жил учраас найзтайгаа зусланд явахаар шийдээд, зардлаа ээж ааваас авах биш өөрсдөө олъё гэж ярилцсан юм. Тэгээд л жилийн өмнө CU-д цагийн ажилтнаар орж байлаа. Ажиллах явцад манай хамт олон, удирдлагууд намайг үргэлж дэмжиж, өндрөөр үнэлдэг байсан нь ажилдаа улам бүр дурлах шалтгаан болсон. Ийнхүү хичээл зүтгэлийнхээ үр дүнд өдгөө ээлжийн ахлах гэх хариуцлагатай албыг хашиж байна.
Миний ажлын 8 цаг маш эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрдөг. Ээлжийн ахлахын хувьд ажилтнууддаа зөв чиглэл өгч, үйлчилгээний стандартыг нэг бүрчлэн мөрдүүлэх нь миний үүрэг. Бидний нэн тэргүүний зорилго бол хэрэглэгчдэдээ үргэлж шинэ, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх явдал. Тиймдээ ч "Fresh" төрлийн хоол хүнсний дүүргэлт, агуулахын эмх цэгц болон эрүүл ахуйн хяналтад онцгой анхаарч, дэлгүүрийнхээ үйлчилгээний соёлыг стандартын түвшинд хадгалахыг хичээдэг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Дэлгүүрийн зөвлөх Э.Батмөнх:
Надад стандарт, хяналт, сургалт гэсэн үндсэн гурван зарчим бий бөгөөд эдгээрийн уялдаа холбоог ханган ажиллахыг хичээдэг. Стандарт байхгүй бол эмх замбараагүй байдал үүсэх учраас стандартыг чанд баримталж, байнга хянадаг. Мөн ажилтнуудаа сургаж хөгжүүлэхгүй бол стандартын дагуу ажиллаж чадахгүй шүү дээ.
Тэрчлэн борлуулалтын салбарт олон жил ажилласан маань миний ажлын арга барилд олон талаар эерэг нөлөө үзүүлсэн. Миний хувьд борлуулалтыг зүгээр нэг бараа шахах бус, хэрэглэгчийнхээ мэдрэмжийг унших урлаг гэж хардаг. Жишээ нь, хэрэглэгч кофе авч байхад түүнтэй зохицох бэйкери эсвэл шоколадыг хэрхэн оновчтой санал болгох талаар менежерүүддээ зөвлөж, хэрэглэгчийн хэрэгцээнд хамгийн ойр үйлчилгээ үзүүлэхийг зорьдог юм.
Мэдээж салбар дэлгүүрүүд хариуцдаг удирдлагын зүгээс хамт олонтойгоо “Чи ингэ, тэг” гэж тушаахаас илүү өөрсдөөр нь шийдвэр гаргуулахыг илүүд үздэг юм. “Энэ барааг яаж тавибал гоё харагдах бол?", "Яагаад ингэж хийх нь дээр гэж бодож байна?" гэхчлэн асуувал тэд өөрсдөө шинэ санаа гаргаж, хариуцлагатай ханддаг. Нөгөөтээгүүр манай CU-д маш олон Z үеийнхэн ажилладаг болохоор ийм арга барил үр дүнтэй байдаг байх. Тэдэнд ерөнхий том даалгавар өгөхөөс илүү маш тодорхой, жижиг таск болгоод өгчихвөл хурдан биелүүлдэг. Хамгийн гол нь урмын үгээ харамлаж болохгүй.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Салбарын ажилтан Б.Мөнх-Үйлстэн:Би АШУҮИС-ийн Био-Анагаах судлаачийн 1-р курсийн оюутан. Хичээлийнхээ хажуугаар CU-д ажиллаад 4 орчим сар болж байна. Миний хувьд завтай байх дургүй учраас ямар ч ажлыг голохгүй хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж боддог. Өөр нэг том шалтгаан нь ээж ааваасаа мөнгө авахаас санаа зовдог болохоор өөрөө орлоготой болохыг хүссэн. CU-гийн хувьд цагийн хуваарь нь уян хатан, долоо хоногийнхоо төлөвлөгөөг менежертээ өгөөд л хичээлийнхээ хажуугаар ажиллаж болдог нь давуу талтай санагддаг.
Аппуудын тухайд бусадтай л ижил сошиал медиагийн бүх төрлийн аппыг ашигладаг. Онцлох апп гэвэл CU-гийн WeeOne. Анх фэйсбүүкээс энэ аппаар ажилд орж болдог тухай мэдээлэл хараад шууд татаж авсан. Тэгээд мэдээллээ оруулаад, цагийн ажилтан эсвэл ээлжийн ахлах гээд сонирхож буй албан тушаал, өөрт ойр байрлах салбараа сонгоод хүсэлт илгээдэг нь их амар.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Дэлгүүрийн менежер Б.Тэмүүлэн:
Би анх 2022 онд касс бичиж үзмээр санагдаад цагийн ажилтнаар орж байлаа. Тэр үед ажил маань надад амархан, сонирхолтой санагдаж, зургаан сарын дараа ээлжийн ахлах, дахиад зургаан сарын дараа буюу 2023 онд дэлгүүрийн менежер болж дэвшсэн. Одоо энэ албан тушаалд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Уг нь төмөр замын чиглэлээр сурдаг байж байгаад нэг жилийн чөлөө авах хугацаандаа CU-д орсон ч, энэ салбар тун сонирхолтой санагдсан учраас одоо хүртэл тууштай ажиллаж байна.
Миний хувьд цаг хэмнэх арга нь ердөө дэс дараалал болон төлөвлөгөө. Өглөө ажилдаа ирээд тэр өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж, ажлаа жагсааж бичдэг. Заавал тэдэн цагт тэр ажлыг хийх ёстой гэсэн хатуу хэв маягт баригдахаас илүүтэй тухайн өдрийн ачааллаа харж байгаад өөрийнхөөрөө дараалал тогтоох нь хамаагүй үр дүнтэй. Дээрээс нь манай дэлгүүрийн систем борлуулалтын өгөгдөл дээр үндэслэн үлдэгдэл бараа болон захиалгыг өөрөө тооцоолдог. Бүх зүйлийг гараар хийх шаардлагагүй болохоор асар их цаг хэмнэдэг шүү.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ээлжийн ахлах Э.Оюунзул:
Цагийн менежмент чухал. Бид баасан гараг бүр менежертээ ирэх долоо хоногт ажиллах боломжтой цагийн хувиараа өгдөг. Миний хувьд ихэвчлэн хичээлийнхээ бус цагаар буюу ажлын өдрүүдэд оройн ээлжид, амралтын өдрүүдэд өглөөний ээлжид ажилладаг. Долоо хоногийн төлөвлөгөөгөө амралтын өдрүүдээр гаргадаг болохоор хичээл ч тэр, ажил ч тэр цалгарддаггүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Салбарын ажилтан Б.Мөнх-Үйлстэн:
Дуртай дуугаа сонсож, зав гарвал найзуудтайгаа уулзаж кино үзэх дуртай. Салбар дээр ажиллаж байхдаа заримдаа хэцүү үйлчлүүлэгчтэй таарах үе гардаг ч, эсрэгээрээ гоё сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсээ бодоод "Хичээх хэрэгтэй шүү" гэж өөртөө хэлдэг. Ажил дээр хүн багатай үед бусадтайгаа яриа өрнүүлж, дуу өсгөгчөөр гоё дуу тавиад л эрч хүчтэй болдог доо.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Өдөрт 500-700 хүнтэй харилцдаг болохоор хааяа ганцаараа байж, тархиа амраахыг хүсдэг. Тийм үедээ надтай ижил дэлгүүрийн менежерээр ажилладаг найзтайгаа хамт Богд уул руу алхах дуртай.
Мөн худалдаа, борлуулалтын салбарт ажилладаг болохоор ч тэр үү, шинээр нээгдсэн газруудаар орж үйлчилгээний соёл, хүмүүстэй яаж харилцаж байгааг нь ажиглах гоё санагддаг. Тэр нь нэг ёсондоо ажилтай холбоотой судалгаа болдог юм.
Дэлгүүрийн менежер Б.Тэмүүлэн9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай хоол хүнс зориулалтын температурт, тусгай тоноглогдсон машинаар ирдэг. Хамгийн гол давуу тал нь хэрэв тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан бол пос машин уншдаггүй. Энэ бол хэрэглэгчдэдээ итгэлтэйгээр "Манай хоол аюулгүй" гэж хэлэх гол баталгаа болдог ба бид ч бас сэтгэл амар үйлчилж чаддаг.
Ажлын хамгийн сорилттой тал нь үйлчлүүлэгчтэй үл ойлголцох эсвэл харилцааны хүндрэл гарах үе. Гэхдээ ийм үед тухайн хүний хэрэгцээг зөв тодорхойлж, асуудлыг нь соёлтойгоор шийдвэрлэх нь үйлчилгээний ажилтны ур чадварыг жинхэнэ утгаар сорьдог гэж боддог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Дэлгүүрийн зөвлөх Э.Батмөнх
Бид CU-г энгийн нэг дэлгүүр биш, харин хүмүүст аз жаргал өгдөг орон зай байгаасай гэж хүсдэг. Үйлчлүүлэгчид маань өлссөн бол чанартай хоол идэх гэж, ядарсан бол кофе уух гэж, цангасан бол амттай уух зүйл авах гэж биднийг зорьдог учраас орж ирэхээс нь эхлээд гарах хүртэлх бүх мэдрэмж, туршлага нь яг ижил стандарттай байх нь чухал. Мэдээж энэхүү тогтсон стандарт, чанартай үйлчилгээний ард мянга мянган залуусын маань тасралтгүй хичээл зүтгэл, чин сэтгэл оршдог гэдгийг энэ ташрамд дурдах нь зүйтэй.
Одоогоор миний хариуцаж буй 15 дэлгүүрийн хувьд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөх зорилготой ажиллаж байна. Гэхдээ эдгээр ажлын үр дүнг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжихгүй. Өнөө үед хүмүүс хоол хүнсний аюулгүй байдалд маш их анхаардаг болсон учраас бид бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналтыг дээд зэргээр сахин ажилладаг. Жишээлбэл, бид ажилчид болон менежерүүддээ хүнсний стандартын талаар маш нарийн сургалт ордог. Мантуун бууз, хуушуур гэх мэт бэлэн бүтээгдэхүүн халуун орчинд хамгийн багадаа 65 градусын хэмд, дээд тал нь хоёр цагийн хугацаанд хадгалагдах ёстой бөгөөд хэрэв энэ хэмээс буурвал бактери үржих эрсдэлтэй. Бид энэ стандартыг ажилчдадаа "Хэрэв таны дүү эсвэл хайртай хүн орж ирээд энэ хоолыг авбал та итгэлтэйгээр өгч чадах уу?" гэдэг талаас нь тайлбарлаж, өөрт хамаатуулах сэтгэлгээг суулгахыг хичээдэг.
Мөн шинээр нээгддэг салбарууд маань байршлаасаа хамаарч өөр өөр онцлогтой байдаг. Жишээ нь, орон нутгийн зам дагуух салбарууд дотроо шүршүүр, амрах өрөө, тухтай хооллох хэсэгтэй байх бол эмнэлгийн ойролцоох салбаруудад хүүхэд хуурайлах хэсэг, жирэмсэн ээжүүдэд зориулсан тусгай өрөө гаргах зэргээр хэрэглэгч төвтэй үйлчилгээ рүү бүрэн шилжихээр зорьж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Ээлжийн ахлах Э.Оюунзул
Би менежерээсээ их үлгэр жишээ авдаг. Мэдэхгүй зүйл гарвал нэрлэхэлгүй асуудаг юм. Тэр ч утгаараа дараагийн ээлждээ юу хийхийг өмнөх өдөр нь тэмдэглэж, менежерийн зааварчилгааг ягштал биелүүлэхийг хичээдэг.
Мөн үйлчлүүлэгчдээсээ ч их зүйл сурдаг шүү. Гоё ярианы соёлтой хүн эсвэл англиар чөлөөтэй ярьдаг хүмүүсийг хараад "Би бас ийм болох ёстой юм байна" гэж өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Одоогоор солонгос хэл бие даан сурч байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Мэй Маскийн "Төлөвлөгөөтэй эмэгтэй" (A Woman Makes a Plan) номыг санал болгомоор байна. Түүний амьдралын уналт, босолт, тэмцэл нь үнэхээр сонирхолтой. Яг тэр эгч шиг хүчирхэг хүн болно доо гэж бодох болсон.
Дууны хувьд Kali Uchis-ийн "Telepatía"-г сонсохоор цаанаасаа гоё эмэгтэйлэг, дотоод мэдрэмж сэргэх шиг болдог.
Хүүхэлдэйн кинонд дуртай болохоор "Zootopia”-г санал болгоё. Агуулга болон дүрслэл талаасаа их таалагддаг юм.
Салбарын ажилтан Б.Мөнх-Үйлстэн13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Дэлгүүрийн зөвлөх Э.Батмөнх
Их сургуулийн багшийн хэлсэн үг санаанаас ер гардаггүй юм. "Удирдагч хүн өөрөө бүх юманд сайн байх шаардлагагүй. Харин удирдаж буй хүмүүсээ сайн байлгаж чадвал тэр жинхэнэ удирдагч юм" гэж хэлж байсан. Тийм ч учраас би ганцаараа мундаг байхаас илүү баг хамт олон, менежерүүдээ сургаж, тэднийг чадварлаг болгохын төлөө ажиллахыг хичээдэг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Дэлгүүрийн менежер Б.Тэмүүлэн:
Хүн бүр амьдралдаа олон төрлийн ажил хийж үзэх хэрэгтэй ч тэр дундаас сурахынхаа хажуугаар заавал CU-д ажиллаж үзээрэй гэж хэлмээр байна. Эндээс та хүмүүстэй харилцах соёл, системтэй ажиллах чадвар, цаг төлөвлөлт гээд маш олон зүйлийг богино хугацаанд сурч чадна. Сурангаа ажиллах хамгийн тохиромжтой орчин бол CU.










Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.