Б.Ган-Очир: Улаанбаатарыг дэлхийн хот болгох нь эхний ажил
Ардчилсан намын 18 дугаар Их хурал үргэлжилж байна. Хурлаар Үндэсний бодлогын хорооны 378 гишүүн болон Нийслэлийн намын даргыг батламжлах юм.
Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир:
-Нийслэлийн хэмжээнд “нээлттэй, цэгцтэй” гэсэн хоёр үндсэн бодлого баримтална. “Нээлттэй” бодлогын хүрээнд иргэний нийгмийн байгууллага, залуусын оролцоо, шүүмжлэлийг дэмжих нь улс төрийн намын дараагийн чиглэл гэж үзэж байгаа. Мөн уламжлалт “манлайлагч” намын ойлголт хуучирч, бодит амьдрал дээрх залуусын санаачилга, хамтын оролцоонд тулгуурлах нь чухал болсон.
Нийслэлийн хөгжлийн асуудлаар сүүлийн 10 жилийн төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан ажиллана.
Би Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихдээ "Дэлхийн хот" гэдэг уриа дэвшүүлсэн. Бидний хот дэлхийн хот. Миний хот дэлхийн хот. Дэлхийн хотууд түгжрэлгүй бол манайх түгжрэлтэй. Дэлхий суултууртай бол манайх модон жорлонтой, хулгайтай, авлигатай. Үүнийг арилгах нь эхний ажил. Мөн дөрвөн уулын дундах хөгжил дэвшил болон бусад бүх зүйл эрх баригч намын хулгайн хэрэгсэл болсон. Тиймээс Улаанбаатар хотыг задлах, дагавар хоттой болгох хэрэгтэй.
Ирэх намраас иргэд, сонгогчидтойгоо илүү ойр ажиллах хуваарь гаргасан. “Улаанбаатар хотыг дэлхийн жишигт хүргэх” зорилт дэвшүүлж, түгжрэл, дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Түүнчлэн хотыг задлан хөгжүүлэх, дагавар хот байгуулах, орчин үеийн хот төлөвлөлтийн шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй. Иргэдийн оролцоонд тулгуурласан “хөршийн холбоо”-г хөгжүүлж, улсын төсвийн тодорхой хэсгийг иргэдэд шийдвэрлэх боломж олгох санал дэвшүүлсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.