🔴 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц хангалттай байгаа
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнийн нөхцөл байдал, нөөц болон ОХУ-тай хийх хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр шатахууны үнэ ойрын хугацаанд буурах боломжгүй байгааг дурдаад, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэг, хоёр өдрийн дотор хэлбэлзэх нь дотоодын жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэйг онцлов.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Дөрөвдүгээр сарын шатахууны үнэ нь өмнөх сарын буюу гуравдугаар сарын 1-нээс 25-ны хооронд зарагдаж байсан хилийн үнийн дунджаар тогтоогддог. Иймд энэ сард үнэ буурахгүй. Цаашид, Үнийн зөвлөл дээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тооцооллыг нарийвчлан ярилцах шаардлагатай байгаа.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас санаачилга гаргаж, хөдөө аж ахуйн салбарт шатахууны дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ жилийн тариалалтад 7500 тонн дизель түлш шаардлагатай байсан бол аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр нөөцийг 10 мянган тонн болгон нэмэгдүүлсэн. Уг түлшийг хоёрдугаар сарын хямд үеийн ханшаар буюу литр тутамд нь 3400 төгрөгөөр тооцон Хөдөө аж ахуйн яаманд нийлүүлж байгаа нь тариалалтын зардлыг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлнэ.
Шатахууны нөөцлөх чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан хөнгөлөлттэй зээлийн тухай хуулийн дагуу бодлогын ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, нийт 285 мянган тонн буюу улсын нэг сарын хэрэглээг хангах хэмжээний нөөцийн савыг ирэх жилийн өдийд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Барилгын ажлууд эхэлсэн явж байгаа.
ОХУ-тай хийх хэлэлцээрийн тухайд энэ нь зөвхөн дизель түлшний үнийг хямдруулах тухай асуудал биш. Үүнд агаарын хөлгийн түлш нийлүүлэх болон Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, тогтвортой хангах тухай хоёр чухал хэлэлцээр багтаж байгаа. Уг хэлэлцээрүүдийг УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцүүлэн дэмжсэн бөгөөд Оросын талаас уулзах тов ирмэгц яаралтай очиж, гэрээг эцэслэн үзэглэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.