🔴 Х.Тэмүүжин: УИХ-ын даргыг намын улс төрөөс ангид байлгах нь парламентын дархлааг хамгаална
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргын эрх зүйн байдалтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Тус хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ үеэр хуулийн төслийн түүхэн шалтгаан болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэхүү хуулийн төсөл нь хэн нэгэн хувь хүнд зориулагдаагүй, харин парламентын засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн болохыг онцолсон юм.
Хуулийн төсөл санаачлах болсон үндэслэл нь 2024 оны зургаадугаар сард болсон УИХ-ын анхдугаар чуулганы үйл явцаас эхтэй аж. Тухайн үед УИХ-ын даргыг сонгохдоо ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр, шууд санал хураалт явуулах дэг үйлчилж байсныг Х.Тэмүүжин гишүүн шүүмжлэв. Сонгуулийн өмнөхөн буюу тавдугаар сард баталсан уг дэг нь парламентын туршлагатай хүнээр УИХ-ыг удирдуулах зарчмыг алдагдуулж, намын тушаалаар "кноп дарах" хэмжээнд асуудлыг шийддэг болгосон нь энэхүү өөрчлөлтийг хийх шаардлагатайг харуулсан байна.
УИХ-ын даргын албан тушаалыг намын даргын сунгаанд орох шат дамжлага болгон ашиглаж буйг Ардчилсан нам эсэргүүцэж ирсэн. Х.Тэмүүжин гишүүн хэлэхдээ, "УИХ-ын дарга хүн намын дарга болох гэж байгаа бол албан тушаалаа өгөөд сунгаандаа орох ёстой. Бид УИХ-ын даргыг ийм сонирхлын зөрчилтэй хүнээр хийлгэхгүй гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлага зөв байсныг өнөөдрийн үйл явдлууд баталж байна. Намын дотоод сонгуулиас болоод хоёрхон жилийн дотор хоёр ч УИХ-ын даргаа буулгаж байгаа нь парламент тогтворгүй байгаагийн том үзүүлэлт" хэмээв.
Парламентын засаглалтай улс оронд УИХ нь төрийн тулхтай ноён нуруу байх ёстой атал Монгол Улсад нэг намын дотоод зодоон, эрх мэдлийн тэмцлээс болж парламентын удирдлага нь тогтворгүй болж байгаад тэрээр харамсаж буйгаа илэрхийллээ. Тийм учраас УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлж, намын дотоод улс төрөөс ангид байлгахгүй бол цаашид ч энэ мэтээр УИХ-ын дарга нар огцорсоор байх эрсдэлтэйг сануулсан юм.
Мөн тэрээр Засгийн газрын тогтворгүй байдал болон олонхын намын дотоод зөрчил парламентын үйл ажиллагаанд саад учруулж буйг шүүмжлэв. "Засгийн газар огцрох болгонд УИХ-ын дарга нь дагаж буудаг, парламент нь хямардаг байдлыг зогсоох ёстой. Манай өргөн барьсан хууль бол маш тодорхой, парламентын дархлааг л сайжруулах зорилготой. Намын дарга солигдох, Ерөнхий сайд өөрчлөгдөх нь ардчилсан улсад байдаг л зүйл. Гэтэл үүнээс болоод парламент нь даргагүй болж байгаа нь манай парламентын дархлаа сул байгаагийн илрэл" гэж Х.Тэмүүжин гишүүн мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.