Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов

Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов

Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамтлуулж байсан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ганзу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм. Тэрбээр нутаг нэгтнүүдээсээ авлагатай байсан ч өгөхгүй удааширсан аж. Тиймээс манай улсын иргэн “Ука” хочтой Л.Алтанхуяг зэрэг хүнд захиалга өгч дарамтлуулсан хэрэгт холбогдсон байна. Захиалгыг биелүүлсэн манай улсын иргэд тухайн хятад хүний бие, эрх чөлөөнд нь халдаж, айлган сүрдүүлснээр хоёр ч үл хөдлөх хөрөнгийнхөө эрхийг Чен Ганзугийн нэр дээр шилжүүлж өгсөн гэнэ. Нийслэлийн прокурорын газраас Чен Ганзуд Эрүүгийн хуулийн 17.6-2.3-ын “Бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд Чен Ганзуг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж, захиалга өгсөн гэм буруутайд тооцон таван жил зургаан сар хорих ял шийтгэж, нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин түүнээс захиалга авч хятад иргэдэд халдсан Л.Алтанхуяг зэрэг хүмүүсийн хэргийг тусад нь гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, өдгөө ялаа эдэлж буй билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.