Их Британид 10.6 сая фунт стерлингийн хожлын эзэн тодролгүй хугацаа нь дуусжээ
Их Британийн үндэсний лотерейн (National Lottery) 10.6 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 14 сая ам.долларын супер хожлын эзэн тодролгүй байсаар хуулийн хугацаа нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны шөнө дуусгавар болжээ.
Лондон хотын зүүн өмнөд хэсэгт орших Бексли дүүргээс худалдаж авсан азтай тасалбарын эзэн 180 хоногийн дотор шагналаа гардан авах ёстой байсан ч ийнхүү асар их хэмжээний хөрөнгөө алдаж байгаа аж.
Уг азтай тохирол нь 2025 оны аравдугаар сарын 4-ний өдөр явагдсан бөгөөд хожлын дугаарууд нь 6, 8, 12, 33, 49, 59 байжээ. Нийт 10,633,323 фунт стерлингийн үнэ бүхий энэхүү шагналыг авах эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 2-ны пүрэв гаргийн шөнө дунд хүртэл байсан юм. Лотерейн оператор Allwyn компани сүүлийн зургаан сарын турш азтаныг эрэн хайх эрчимтэй ажиллагаа явуулсан боловч хэн ч холбогдоогүй байна.
Азтаныг олохын тулд зохион байгуулагчид Бексли дүүргийн гудамжаар чанга яригчтай машин явуулж, оршин суугчдыг хуучин тасалбар, өвлийн хүрэмний халаас, буйдангийн завсраа шалгахыг уриалж байв. Мөн тусгай зөвлөхүүд газар дээр нь ажиллаж, олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажил өрнүүлсэн юм.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар, азтан нь тухайн бүс нутагт түр зочилж явсан хүн, эсвэл санамсаргүй байдлаар Lucky Dip буюу автоматаар сонгосон тасалбар аваад дугаараа шалгахаа мартсан нэгэн байх магадлалтай ажээ.
Их Британийн лотерейн дүрмийн дагуу хугацаандаа эзэн нь тодроогүй шагналын мөнгийг хүүгийн хамт National Lottery Good Causes санд шилжүүлдэг. Энэхүү сан нь улс орон даяар спорт, урлаг, соёлын өвийг хамгаалах болон нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг санхүүжүүлдэг байна. Ийнхүү Бекслигийн нууцлаг азтан түүхэн дэх хамгийн том хожлуудын нэгээс албан ёсоор татгалзсан хэрэг боллоо.
Лотерейн түүхэнд ийм тохиолдол цөөнгүй гардаг ч 10 сая фунт давсан хожлоо алдах нь ховор үзэгдэл юм. Харин Бекслигийн азтаны хувьд хуулийн хугацаа нэгэнт дууссан тул дахин нэхэмжлэх ямар ч боломжгүй болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.