Ираны Нобелийн шагналтан шоронд биеийн байдал нь муу байна
2023 оны Нобелийн энх тайвны шагналт, Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади Ираны баруун хойд хэсэгт орших Занжан шоронд зүрхний шигдээс туссан байж болзошгүй нөхцөл байдалтай, биеийн байдал нь маш хүнд байгааг түүний гэр бүл болон хуульчид мэдээллээ.
Одоогийн байдлаар 53 настай тэмцэгчид Ираны эрх баригчид шаардлагатай нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгаа бөгөөд түүний амь насанд ноцтой аюул тулгараад байгаа тул яаралтай суллахыг олон улсын байгууллагууд уриалж байна.
Мохаммадигийн биеийн байдал өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд огцом муудаж, шоронгийн өрөөндөө ухаан алдсан байдалтай олджээ. Хамт хоригдож буй хүмүүсийн мэдээлснээр тэрээр нэг цаг гаруй хугацаанд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан бөгөөд шоронгийн эмнэлэгт хүргэгдэн эм тариа хийлгэсний дараа ухаан орсон байна. Үүнээс тав хоногийн дараа түүний эгч болон өмгөөлөгчид нь уулзах үедээ Мохаммадиг маш их цонхийж турсан, сувилагчийн тусламжгүйгээр алхаж чадахгүй байгааг хараад цочирдсон гэдгээ илэрхийлжээ.
Шоронгийн эмч түүний шинж тэмдгийг зүрхний булчингийн шигдээс гэж баталсан ч Ираны эрх баригчид түүнийг гаднах эмнэлэгт шилжүүлэх, эсвэл зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээс татгалзсаар байна. Мохаммади нь өмнө нь зүрхний өвчтэй байсан бөгөөд 2022 онд яаралтай хагалгаанд орж байсан түүхтэй аж. Түүний дэмжигчдийн мэдээлснээр тэрээр шоронд байх хугацаандаа хэд хэдэн удаа зүрхний шигдээс тусаж байсан бөгөөд одоо ч цээжээр өвдөх, амьсгал давчдах зовуурьтай хэвээр байна.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй нэг хүчин зүйл нь бүс нутгийн хурцадмал байдал болоод байна. Занжан шоронгийн ойролцоо АНУ болон Израилийн агаарын цохилтууд өгөгдсөн нь хоригдлуудын дунд айдас төрүүлж, биеийн байдалд нь сөргөөр нөлөөлж байгааг ар гэрийнхэн нь онцолжээ. Хүний эрхийн идэвхтнүүд Ираны дэглэмийг улс төрийн хоригдлуудыг аюултай бүсэд байлгаж, "амьд бамбай" болгон ашиглаж байна гэж буруутгаж, хүмүүнлэгийн үүднээс түр чөлөөлөхийг шаардаж байна.
"Наргесийг чөлөөлөх эвсэл" болон түүний нэрэмжит сан Ираны засгийн газарт хандан яаралтай уриалга гаргаж, түүний амь нас дээсэн дөрөөн дээр байгааг анхаарууллаа.
Наргес Мохаммади нь заавал өмсөх ёстой гивлүүр болон цаазын ялын эсрэг тэмцсэнийхээ төлөө 2026 оны хоёрдугаар сард нэмж долоон жилийн хорих ял сонссон юм. Олон улсын хамтын нийгэмлэг түүнийг нэн даруй эмнэлгийн хяналтад шилжүүлэхгүй бол нөхөж баршгүй гарз тохиолдож болзошгүйг сануулсаар байна.
Эх сурвалж:
• fidh.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.