Билигт гүүш Готовын Акимын шарил дээр орчуулагч Ж.Нэргүйн хэлсэн үг
Бид өнөөдөр орчин цагийн Монголын уран зохиолын оюун билигт их сартваахиудын нэг, сүүлийн нэгэн жарны хугацааны монгол гүүш нарын ноён сүмбэр оргил, анубад дөрвөн далай шиг зах хязгааргүй уудам тэнүүн Дорнодын их хээр талынхаа хээлэнд хатан зоригт бүргэд лүгээ адил цээж дүүрэн амсгалаараа халин дүүлэгч агсан эрхэм хүндэт Аким абугайгаа домог мэт амьдралынх нь сүүлчийн замд нь үдэж байгаадаа сэтгэл зүрх маань гүн харууслаар дүүрэн байна.
Хэдхэн хоногийн өмнө оюунт лагшингаа номын агаарт хураасан Аким гуай маань яруу тансаг, яндашгүй баян монгол хэлний утга төгөлдөр, эрхэмсэг дүүрүү, бив битүү ганган ширээстэй үгсийн сангийн эрдэнэсийн даалин руу гараан шургуулбаас хамгийн түрүүн тэмтрэгдэх эрхий хурууны дайтай очир алмаас байлаа.
Аким гуай маань цайруу холын дайдаас цаст цагаан тэргүүнээрээ харанхуй бүрэнхүйг сүлэн сувд адил цайвалзах “Монголын чөлөөт хэвлэлийн Отгонтэнгэр хайрхан” байлаа. Монголын уран зохиолын орчуулгын гэрэлт цагаан цамхаг нэг хүний өндрөөр намслаа.
Агуу их Аким гуай маань Монголын өнөө цагийн олон арван орчуулагч, хөрвүүлэгч нарын хувьд, хэдийгээр тэр бүхний урд нь суугаад ширүүндүүхэн дуугараад заагуур модоороо толгойг нь тоншиж, хөрвүүлэн буулгасан юмыг нь улаан харандаагаар тэрийн болгон цоохорлож байгаагүй ч, өөрийнхөө үзэглэсэн том, жижиг хэмжээний бүхий л бүтээлүүдийн яруу тансаг найруулга, яв цав сонгосон оновчит үгсийн донж тохироогоор ачит мэргэн багшаас ялгаа үгүй байлаа.
Аким гуай маань эвдрээгүй, ядуураагүй цагийн монгол эртний сонгодог уран зохиолууд хийгээд, хүн төрөлхтний их бичгийн хүмүүдийн шилдэг уран зохиолыг бүгдийг нь бараг нэг бүрчлэн уншчихсан, судалчихсан байсан болохоор ямар ч насныханд зүйрлэшгүй хатуу шалгуур тавьдаг, тэр хэрээрээ хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, хал нь гаднаа, хайр нь дотроо хүн байлаа. Харин одоо ингээд молхи бичээч биднийг айлгадаг ч хүнгүй, авардаг ч хүнгүй болж буй нь гуравхан хэмжээстэй дүрст орчлонгийн даанч хатуу жам байна.

Гэвч Таны минь бүтээн туурвиж амжаад, хэзээ ч эмтлэн амсаад баршгүй их хэмжээгээр баринтагласан, үзэж дуусамгүй зузаан их өв өнөөгийн бидний ч, өнө хойчийн ч уран зохиолчид хийгээд, уран зохиолын орчуулагчдын яруу бичлэг, зохист аялгуу, дуун хөрвүүлгийн сурах бичиг, эхлэн бичигчдийн Үсэглэлийн цагаан толгой болон үлдлээ.
Уран яруу их бичгийн хүмүүн Таны минь хувилгаан цагаан сүнс шавь нар, анд нөхөд, бичиг номын ахан дүүс бидэндээ онгод тэнгэрийн оройгүй цагаан долгис болон эргэн шингэх болтугай!
Билигт гүүш Готовын Акимын шарил дээр Монголын Орчуулагчдын Эвлэлийг төлөөлөн орчуулагч Ж.Нэргүйн хэлсэн үг.
Налайх. Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн. 2026.04.03.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.