🔴Л.Оюун-Эрдэнэ: Шийдэгдсэн бүх зүйлүүд ухарч байна. Монгол Улс хөгжих үү, үгүй юу
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Их Хурлын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэcэн. УИХ-ын даргыг томилох асуудалд Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага аваад байна. Улс төрд өрнөөд буй үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын даргын албан тушаалыг нам бус, зөвхөн хуралдаан даргалагч буюу "спикер" хэлбэрээр ажиллуулах нь парламентын сонгодог зарчимд нийцнэ. 126 гишүүнтэй болсон энэ үед УИХ-ын дарга нь бусад гишүүдийнхээ адил тэгш эрхтэй нэгэн байх ёстой. Аль нэг нам, бүлгийн заавраар ажилладаггүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолгүй, зөвхөн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг хүн байх шаардлагатай. Ингэж байж парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн харилцан итгэлцэл бэхжинэ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох нь Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх. Ерөнхий сайд энэ эрхээ хэнтэй ч хуваалцахгүйгээр, танхимаа өөрөө бүрдүүлж байж хариуцлагаа хүлээж, тогтвортой засаглах боломж бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд цар тахлын сорилт болон Оюу толгойн асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчтэй кабинет бүрдүүлэх шаардлага тулгарч байсан. Одоогийн Ерөнхий сайд Н.Учралын хувьд ч бусад намуудтай хамтран ажиллах, улс орны хөгжлийн төлөөх шийдвэрүүдийг бие даан гаргах бүрэн боломж бий.
Өмнөх Хамтарсан Засгийн газрын үр дүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайтын хил холболт зэрэг олон жил гацсан томоохон төслүүдийг эцэслэн шийдэж чадсан. Мөн нийслэлийн төсөв, Туулын хурдны замыг баталсан. Гэвч сүүлийн 10 сарын хугацаанд өмнөх ажлуудыг үгүйсгэх хандлага давамгайлж, шийдэгдсэн бүх зүйлүүд ухарсан. Монгол Улс хөгжих үү, үгүй юу.
Монгол Улсын хөгжил Ерөнхий сайд өөрийнхөөрөө байж, шийдвэр гаргах чадвараас шууд хамаарна. Хэрэв Ерөнхий сайд улс төрийн бүлэглэлүүдийн нөлөөнд авталгүй, Үндсэн хуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадвал түүхэн шинэчлэлүүдийг хийж чадна. Эсрэгээрээ бусдын заавраар хөдлөх "утсан хүүхэлдэй" болбол нийгмийн дэмжлэгээ алдаж, улс орны үнэт цагийг үрэх эрсдэлтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.