🔴Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УЗ хүлээн авлаа

AI хөрвүүлсэн

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсын геополитикийн хурцадмал байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Ойрх Дорнодод үүсэж буй мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхий нийтэд эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт нүүрлэж, эдийн засгийн хүндрэл ирж буй энэ үед дотоодын улс төрийн гацааг арилгах шаардлагатай байгааг тус хурлаар онцолсон байна.

Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргаж, өргөдлөө намын Удирдах зөвлөлд өгчээ. Удирдах зөвлөл түүний хүсэлтийг хэлэлцээд, улс орны өмнө тулгамдаж буй эдийн засгийн хямралыг даван туулах, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гаргаж буй түүний эр зориг, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс улс орны эрх ашгийг хувийн болон улс төрийн явцуу ашиг сонирхлоос дээгүүрт тавьж буйгаа илэрхийлжээ. Тэрээр зарим бүлэг хүмүүсийн зүгээс тавьж буй хууль бус шаардлага, улс төрийн явуулга нь төрийн ажлыг гацааж байгааг дурдаад, албан тушаалтайгаа зууралдахгүйгээр дараагийн шийдлийг гаргах боломжийг бүрдүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг эхлээд УИХ дахь МАН-ын бүлэг, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Парламентын шийдвэр гарсны дараа эрх баригч МАН Бага хурлаа зарлан хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах шат дараатай үйл ажиллагаанууд үргэлжилнэ.

МАН-ын бүлгийн гишүүд өчигдрийн хурлаараа намын гаргасан шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн байр суурьтай байхаа илэрхийлсэн байна. Удирдах зөвлөлөөс ч мөн намын гишүүдэд эв нэгдлээ сахиж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байх чиглэлийг өгч, холбогдох тогтоолыг баталлаа.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг, 26 минут
Ойрхи Дорнод гээд хуцаад байх юм. Тэрнээс илүү та нарын Авилгын асуудал, амин хувийн эрх ашгийг бодсон асуудал чинь гамшиг болж байна. Зогсож байгаа хүмүүс нь Еөөкийн төлөөлөлүүд,