Беларусь болон БНАСАУ-ын удирдагчид түүхэн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2026 оны гуравдугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад (БНАСАУ) айлчлал хийлээ.
Энэхүү үйл явдал нь Беларусийн төрийн тэргүүн Хойд Солонгост хөл тавьсан анхны тохиолдол болж байгаа бөгөөд талууд ОХУ-тай тогтоосон эвсэл болон Өрнөдийн хориг арга хэмжээний эсрэг нэгдмэл байр сууриа бататгахыг зорьсон байна.
Пхеньян хотын олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгч А.Лукашенког БНАСАУ-ын Шадар сайд Ким Ток Хун болон Гадаад хэргийн сайд Максим Рыженков нар угтан авчээ. Үүний дараа Ким Ир Сений нэрэмжит талбайд албан ёсны угтах ёслол болж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцсон байна. Цэргийн парад болон хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн уг ёслол нь өндөр хэмжээний зохион байгуулалттай болж өнгөрөв.
Айлчлалын хүрээнд А.Лукашенко Кумсусаны нарны ордонд зочилж, Хойд Солонгосын үе үеийн удирдагчид болох Ким Ир Сен, Ким Жон Ил нарт хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрээр Чөлөөлөх цамхагт очиж, Зөвлөлтийн дайчдын дурсгалд цэцэг өргөсөн бөгөөд энэ үеэр Ким Жон Ун хамт байлцсан юм. Түүнчлэн Беларусийн Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэрийн өмнөөс дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, гурван улсын нягт холбоог илэрхийлжээ.
Хоёр улсын удирдагчдын хэлэлцээрийн гол үр дүн нь "Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан явдал байлаа. Үүнээс гадна худалдаа, эдийн засаг, хууль эрх зүйн салбарыг хамарсан 10 орчим нэмэлт хэлэлцээрийг баталж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон байна. Удирдагчид олон туйлт дэлхийн дэг журмыг дэмжиж, АНУ-ын зүгээс ирж буй түрэмгийллийн эсрэг нэгдсэн фронт байгуулахаа мэдэгдлээ.
Энэхүү айлчлал нь Орос, Беларусь, Хойд Солонгос гэсэн Өрнөдийн эсрэг блокыг бэхжүүлж, олон улсын тавцанд БНАСАУ-ын дипломат нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна. Ерөнхийлөгч А.Лукашенко дэлхийн өнөөгийн нөхцөл байдал хоёр орныг бие бие рүүгээ ойртоход хүргэж байгааг онцолсон бол Ким Жон Ун уламжлалт харилцааг шинэ эриний шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр айлчлал өндөрлөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.