🔴LIVE: О.Цогтгэрэл: УИХ-ын дарга чөлөөлөгдөхгүй бол огцруулна
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон хариуцлагыг эрх баригчдад тохож, УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас нь чөлөөлөгдөх шаардлагыг дахин тавилаа.
Хэрэв сайн дураараа чөлөөлөгдөхгүй бол огцруулах хуулийн процессыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв. "УИХ-д МАН болон түүний байгуулсан эвсэл 80 гаруй суудалтай атал чуулганыг зохион байгуулж чадахгүй байгаа нь засаглалын хямрал нүүрлэснийг илтгэж байна" гэж үзэж байна.
Улс төрийн нөхцөл байдал хүндэрч, сүүлийн арван жилийг "мафижсан тогтолцоо" хэмээн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодорхойлов. Тэрбээр 110-200 сая ам.долларын авлигын асуудал баримттайгаар ил болж байгааг онцолж, Хууль зүйн сайдыг энэхүү тогтолцооны нэг хэсэг болсон тул нэн даруй ажлаа өгч шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэхүү их хэмжээний мөнгө нь Монгол Улсын 100 сумын жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө бөгөөд цөөн хэдэн бүлэглэл хувааж авсан нь ард иргэдийн амьдралд шууд хохирол учруулж байгааг сануулав.
УИХ-ын гишүүн Д.Ганбат авлига, хулгайн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санаачилга гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Ялангуяа "Харбины гэрээ" болон төмөр зам, нүүрсний хулгайтай холбоотой 30 гаруй их наяд төгрөгийн асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн Монгол Улсын авлигын индекс ухарч, иргэд АНУ, Япон, Солонгос зэрэг улс руу зорчиход визний хориг саадтай тулгарч байгаа нь засаглалын дампууралтай холбоотойг онцоллоо.
Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнгээр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 60 хувийг 40-өөс доош насны залуучууд бүрдүүлэхээр болжээ. Хүйсийн харьцааны хувьд 60:40 буюу эмэгтэйчүүдийн оролцоог хангасан байна. Энэхүү шинэчлэл нь АН-ын түүхэнд байгаагүй томоохон бүтцийн өөрчлөлт болж байгаа бөгөөд намын дунд шатны байгууллагуудын ирц 73 хувьтай байсныг мэдээллээ. Цаашид намын санхүүжилтийг шинэ хуулийн дагуу ил тод болгож, дотоод маргааныг таслах зөвлөлөөр дамжуулан гомдлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.