🔴С.Бямбацогт: ҮБС-гийн 7 их наяд төгрөгийг 70 их наяд төгрөг болгож, иргэддээ хүртээхийн төлөө ажиллаж байна
Үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй хуваарилах асуудлаар Засгийн газраас тодорхой бодлого баримтлан ажиллаж байна. Үүний тулд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг оновчтой тогтооход анхаарч байна. Тухайлбал, стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийнхэнтэй хэлцэл хийсний үр дүнд өгөөжийн 60 хувийг төрд төвлөрүүлэхээр тохиролцсон нь Үндэсний баялгийн санг арвижуулах томоохон алхам боллоо.
Өнөөдрийн байдлаар Үндэсний баялгийн санд нийт 7 их наяд төгрөг хуримтлагдаад байна. Үүнээс 6 их наяд төгрөг нь Ирээдүйн өв санд хадгалагдаж байгаа бол ердөө 1 их наяд төгрөг буюу нийт хөрөнгийн 20 орчим хувь нь өнөөдөр амьдарч буй иргэдэд ногдож байна. Энэхүү хуваарилалт оновчтой эсэхэд дүгнэлт хийж, цаашид хуримтлалыг 70 их наяд төгрөгт хүргэх, иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай.
Баялгийн сангийн хөрөнгийг иргэдийн амьдралд хамгийн тулгамдсан гурван асуудал болох орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөж байна. Иргэд өвдөж зовсон үедээ эмчилгээний зардлаа шийдэх, залуучууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах, мөн орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт энэхүү хуримтлалаас дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх нь төрөөс баримталж буй үндсэн чиглэл юм. Энэхүү зохицуулалтыг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй байхаар тусгаж, иргэд өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан сонголт хийх боломжийг нээж өгөхөөр зорьж байна.
Сангийн удирдлага, менежментийг ил тод болгож, хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд бус, харин өсгөж үржүүлэхэд зарцуулах нь чухал юм. Өмнө нь Хүний хөгжил сан нэртэй боловч бодит мөнгөгүй, төсвийн нөхөөс болдог байсан алдааг давтахгүй байхыг зорьж байна. 2030 он гэхэд өнөөдөр амьдарч буй иргэдэд ногдох 1 их наяд төгрөгийн хуримтлалыг 10 их наядад хүргэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүний тулд хуваарилалтын механизмыг шинэчлэхээр санал асуулга явуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах асуудлыг УИХ-аас гаргах бодлогын хүрээнд шийдвэрлэх бөгөөд Засгийн газраас холбогдох жагсаалтыг өргөн мэдүүлээд байна. Харин сүүлийн үед улс төрчдийн дунд өрнөж буй бие биеэ гүтгэх, худал мэдээлэл тараах асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой бөгөөд төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулахгүй байх үүднээс баримтгүй мэдээлэлд автахгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.