🔴Т.Аубакир: Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгийг ХХОАТ-аас чөлөөлнө
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцож, хүн ам зүйн бодлогын хүрээнд тусгагдсан шинэлэг зохицуулалтуудын талаар санал солилцов. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдвэл УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлж, батлуулахаар төлөвлөж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төрөлт эрс буурч, жилд 80 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол өдгөө 50 мянга руу дөхжээ. Дэлхийн улс орнуудад ч төрөлт буурч байгаа энэ үед Монгол Улс хүн ам зүйн бодлогоо цогцоор нь авч үзэх шаардлага тулгарч байна. Салалт жилээс жилд нэмэгдэж, залуус гэр бүл болохоос татгалзах эсвэл цөөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон нь энэхүү хуулийг яаралтай боловсруулах гол үндэслэл болсон байна.
Хуулийн төсөлд олон хүүхэдтэй өрхүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргүүдийг тусгажээ. Тухайлбал, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулах, байраа томруулах зорилгоор хуучин орон сууцаа борлуулсан тохиолдолд ногдох татвараас чөлөөлөх эсвэл буцаан олгохоор төлөвлөж байна. Мөн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Хүн амын орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх заалт оржээ.
Урьдчилсан тооцоогоор 130 гаруй мянган иргэн ХОАТ-аас чөлөөлөгдөх бөгөөд үүний улмаас улсын төсвийн орлого 206 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна. Хэдийгээр Сангийн яам төсвийн алдагдлыг анхаарч байгаа ч Гэр бүлийн яамны зүгээс 20-30 жилийн дараах нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдал, хүн амын өсөлтийг хангахын тулд энэхүү алхмыг зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна. Энэ нь нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чухал хөшүүрэг болох юм.
Гэр бүлдээ цаг зарцуулах соёлыг хэвшүүлэх зорилгоор ажил олгогчдоос ажилтнууддаа өдөрт 1-2 цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлэх боломж олгохыг шаардахаар тусгажээ. Мөн жил бүрийн 5 дугаар сарын 15-ныг "Монголын гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэж, тухайн долоо хоногийг гэр бүлийн үнэ цэнийг сурталчлах аяны хүрээнд өнгөрүүлдэг болох зохицуулалт орсон байна.
Эрүүл мэндийн салбарт "Гэр бүлийн багц" үйлчилгээг нэвтрүүлж, даатгал төлдөг нэг гишүүнийхээ эрхээр гэр бүлийн бусад гишүүд тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр ЭМЯ-тай зөвшилцөж байна. Харин гэр бүл үймүүлсэн болон бусад зөрчлийн шинжтэй асуудлуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулах аж.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлаж, 5 мянган өрхийг амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хууль батлагдсанаар гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.