🔴Ж.Баярмаа: Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаа суухгүй байсан ч ирц нь хүрнэ
Ардчилсан намын (АН) бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх байр суурь баримталж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан тус бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэлэхдээ, "Бүлгийн гишүүний хувиар намынхаа нэгдсэн шийдвэрийг дагаж байна. Олонх болох МАН болон тэдний эвсэл нийлээд 80 шахам суудалтай тул ирц бүрдүүлэх, асуудлаа хэлэлцэх бүрэн боломжтой. Ирц хүрэхгүй байгаа нь тэдний хариуцлагатай холбоотой" хэмээн тайлбарлалаа.
Нүүрсний гэрээний асуудлаар, тэр дундаа сүүлд байгуулагдсан "Харбины" гэх гэрээг нэн яаралтай шалгах шаардлагатайг тэрбээр онцлов. Уг гэрээгээр биржийн үнээс ердөө таван хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой атал 50 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн байж болзошгүй асуудлыг Түр хороо байгуулж хянах ёстой гэж үзэж байна. "Нүүрсний хулгай-2" гэж нэрлэгдээд буй энэхүү асуудлыг "ямааны мах халуун дээрээ" гэгчээр эртхэн тогтоож, алдаа дутагдлыг засах нь улс орны эрх ашигт нийцнэ гэдгийг тэрбээр санууллаа.
Мөн төрийн нууцад хамааруулсан, асар их үнийн дүнтэй гэрээ хэлэлцээрүүд эргээд асуудал дагуулж байгаа тул УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрүүдийг эргэн харах цаг болсныг дурдлаа. Одоогоор МАН-ын бүлэг энэ асуудлаар хоёр ч удаа завсарлага аваад байгаа бөгөөд хэрэв нүүрсний хулгайтай тэмцэх чин хүсэл эрмэлзэл байгаа бол уг асуудлыг хэлэлцэхийг дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.