🔴Д.Пүрэвдаваа: Парламентын гацалт, үл ойлголцол нь үндсэндээ эрх баригч намын дотоод хагаралтай холбоотой
УИХ-ын даргын албан тушаал нь улс төрийн намаас ангид, хараат бус байх ёстой гэсэн байр суурийг Ардчилсан намын зүгээс илэрхийлж байна. Парламент бол мэтгэлцээний талбар бөгөөд аль нэг намын дарга уг байгууллагыг удирдсанаар намын эрх ашигт нийцээгүй асуудлыг хойшлуулах, хэлэлцүүлгийг гацаах эрсдэлтэйг онцоллоо. Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын жишгээр спикер нь нам бус байж, төрийн ажлыг тэгш явуулдаг туршлага бий.
Эрх баригч намын зүгээс өмнөх парламентуудын жишээг татаж, намын дарга нар УИХ-ын даргаар ажиллаж ирснийг уламжлал мэт тайлбарлаж буй. Гэвч өнгөрсөн хугацааны алдаатай жишгийг өнөөдөр дахин давтах ёсгүй бөгөөд мэдээллийн ил тод байдал нэмэгдсэн энэ үед зөв тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн гурван өндөрлөг бүгд нам бус байх нь хамгийн оновчтой хувилбар боловч Ерөнхий сайдын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс ялсан намын дарга байх нь зүй ёсны хэрэг юм. Харин УИХ-ын дарга нь олон намын төлөөлөл бүхий парламентыг шударгаар удирдах үүрэгтэй.
Парламентын энэхүү гацалт, үл ойлголцол нь үндсэндээ эрх баригч намын дотоод хагаралтай холбоотой гэж дүгнэж байна. Намын дотоод зөрчлөө шийдэж чадахгүй байгаа асуудлаа парламент руу нялзааж, бусад нам эсвэл гишүүд рүү бурууг чихэх нь үндэслэлгүй юм. Арван жил төр барьсан эрх баригч хүчний хэт их эрх мэдэл, дотоод талцал нь өнөөдрийн төрийн ажлын гацалтын гол шалтгаан болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.