🔴О.Батнайрамдал: Б.Энхбаяр сайд АНУ-ын "хулхи" их сургуульд суралцсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан
Боловсролын зээлийн сангийн асуудлаар сүүлийн гурван жил дагнан ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудлаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр сайд Б.Энхбаярыг АНУ-ын "хулхи" их сургуульд суралцсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж, улмаар албан тушаалаа ашиглан зээлээ тэглүүлсэн байж болзошгүй хэмээн буруутгав.
Б.Энхбаяр сайд 2007-2009 онд БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд (University of Northern Virginia) магистрын зэрэг хамгаалсан. Гэвч тус сургууль нь 2008 онд магадлан итгэмжлэлээ алдаж, 2013 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас хийсэн шалгалтаар "дипломын үйлдвэр" буюу зөвхөн виз гаргах зорилготой хуурамч сургууль болох нь тогтоогдож, 2014 онд албан ёсоор хаагджээ.
Мөн тухайн үед сургалтын төлбөрийн 32 мянган ам.долларыг сургуулийн данс руу бус, Б.Энхбаярын хувийн данс руу шилжүүлсэн байж болзошгүй. Хэрэв татвар төлөгчдийн мөнгө хувь хүний дансанд орсон бол энэ нь суралцах бус, төсвийн хөрөнгийг шууд завшиж буй хэрэг гэж үзэж байна. Энэхүү баримтыг Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгадаа тусгаж, Төрийн сан болон БЗС-гийн архиваас гүйлгээний мэдээллийг тодруулахыг шаарджээ.
Үүнээс гадна 2018 онд БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн тушаалаар олон хүний зээлийг хүчингүй болгоход ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярын нэр багтсан байна. Энэхүү шийдвэр нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг зөрчсөн бөгөөд АТГ-аас эдгээр хууль бус тушаалуудыг хүчингүй болгож, мөнгийг эргэн төлүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлж байжээ.
БЗС-гийн ард 360 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй өр байгаа бөгөөд үүний 80 орчим тэрбумыг үе үеийн сайд нар хууль бусаар тэглэсэн гэх мэдээлэл бий. Иймд шударга ёсны зарчмыг баримталж, Б.Энхбаяр сайдыг албан тушаалаа өгч, хуурамч дипломын болон зээл тэглүүлсэн асуудлаа шалгуулахыг олон нийтийн зүгээс шаардаж байна.
АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуультай холбоотой дуулиан олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй байдаг бөгөөд тус сургууль нь магадлан итгэмжлэлгүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан нь хэдийнэ тодорхой болсон асуудал юм. Тиймээс Хууль зүйн сайд өөрөө энэ асуудалд тайлбар өгч, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.