🔴Г.Лувсанжамц: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэхээр төлөвлөж буй энэ үед гишүүд хуралдаандаа идэвхтэй суух шаардлагатай байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй гишүүд үүргээ ухамсарлаж, улс орны хөгжлийн бодлогыг хэлэлцэхэд оролцох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц илэрхийлэв.
Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг намын дарга эсвэл Их хурлын даргын албан тушаалын аль нэгийг өгөх шаардлага тавьж, чуулганы хуралдаанд суухгүй байгааг шүүмжлэв. Үүнийг "эс үйлдэхүй" буюу ажилдаа хариуцлагагүй хандаж буй хэлбэр гэж үзэж байгаа бөгөөд АН-ынхан дотоод сонгуульдаа анхаарч, үндсэн ажлаа орхигдуулж байж болзошгүйг дурдлаа.
Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмыг дэмждэг бөгөөд энэ нь засаглалын тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Хэрэв АН-ын зүгээс үүнтэй холбоотой шаардлага тавьж байгаа бол хуулийн төсөл өргөн барьж, институцийн хүрээнд шийдвэрлэх ёстойг санууллаа. Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэж, инфляцад нөлөөлөх эрсдэлтэй байгаа энэ үед парламент хэвийн ажиллах нь иргэдийн амьдралд нэн чухал юм.
Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, ёс зүйн хариуцлага тооцох асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Ёс зүй гэдэг нь хэмжихэд түвэгтэй, субьектив ойлголт тул үүнийг хуульчилж гишүүдийг эргүүлэн татах нь "коммунизм" руу буцах эрсдэлтэй гэж үзэж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд одоогийн хууль тогтоомжийн дагуу Ерөнхий прокурор санал оруулж, хариуцлага тооцох бүрэн боломжтойг онцлов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой гарсан мэдээллийн тухайд, түүнийг бусад гишүүдэд тавьдаг зарчмын шаардлагаа өөртөө ч мөн адил тавьж, зохих журмын дагуу шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Аливаа албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон бол нэр цэвэр байх зарчмыг баримтлах ёстой.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Туул гол дагуух хурдны зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээг олон нийтэд нээлттэй болгох ёстойг дурдав. Хотын төвөөр дайран өнгөрдөг олон улсын транзит замын ачааллыг шилжүүлэх нь зөв боловч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэж, иргэдийн дуу хоолойг сонсох нь чухал гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.