🔴Л.Мөнхтүшиг: АНУ-ын визний 15 мянган ам.долларын барьцаа авах асуудалд шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад томилогдох 15 Элчин сайдын зөвшөөрөл ирээд байна. Тэднийг ойрын хугацаанд томилохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд одоогоор орон нутагт томилолтоор ажиллуулж байгаа аж. Нийт 21 Элчин сайдын асуудал яригдаж байгаагаас Тайланд улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татах асуудал мөн хөндөгдөж байна.
АНУ-ын зүгээс хэрэгжүүлж буй "Виза бонд" хөтөлбөрт Монгол Улс багтсан нь гэнэтийн шийдвэр байсныг ГХЯ-наас онцоллоо. Тус хөтөлбөрт өмнө нь 38 улс хамрагдаж байсан бол сүүлд 12 улсыг нэмснээр нийт 50 улс багтжээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын засаг захиргаанаас хууль бус цагаачлалын эсрэг баримталж буй хатуу бодлоготой холбоотой юм. Манай улсын зүгээс АНУ-ын Элчин сайдтай уулзаж, уг шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэн, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа хүргүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацаа болон ажлын гүйцэтгэлийн талаар тайлбар өглөө. Дипломат албаны томилгооны хугацаа дөрвөн жил байдаг ч ажлын шаардлагаар сунгах тохиолдол байдгийг тэмдэглэв. Элчин сайд Ө.Батбаярыг өнгөрсөн хугацаанд идэвхтэй, сайн ажилласан гэж дүгнэж байгаа бөгөөд визний асуудал нь зөвхөн Элчин сайдын ажилтай бус, тухайн улсын цагаачлалын ерөнхий бодлого болон иргэдийн хариуцлагаас шууд хамааралтайг тайлбарлалаа.
Филиппин болон ОХУ-д Монгол Улсын иргэд саатуулагдсан гэх мэдээллийн тухайд Консулын газраас мэдээлэл авч, дипломат шугамаар ажиллаж байна. Иргэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох, саатуулагдах тохиолдолд консулын ажилтнууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай туслалцааг үзүүлдэг. Гэвч тухайн иргэдийн холбогдсон хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь хувь хүний нууцад хамаардаг тул тэр бүр нээлттэй мэдээлэх боломжгүйг тодотгов.
Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ГХЯ-наас өнгөрсөн хугацаанд нийт 91 иргэнийг эх оронд нь авчраад байна. Одоогоор тус бүс нутагт 350 орчим иргэн байнга оршин сууж байгаа бөгөөд тэд өөрсдийн хүсэлтээр үлдэхээр шийджээ. Дайны нөхцөл байдал тааварлашгүй байгаа тул Элчин сайдын яамны зүгээс иргэдэд үүрэн холбоо болон интернэтээр дамжуулан тухай бүр сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.