🔴П.Зулпхар: Гишүүд ажлаа хийхгүй бол УИХ тарах хэрэгтэй
УИХ-ын Байнгын хороодын ирц бүрдэхгүй байгаагаас шалтгаалан чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдөр товлогдсон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд 39 гишүүнээс ердөө 11 нь ирснээр ирц 37 хувьтай байж, хуралдаан цуцлагдлаа. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Ардчилсан намаас тавьж буй шаардлагын тухайд, УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэх зохицуулалт хуульд байхгүйг УИХ-ын гишүүн П.Зулпхар тайлбарлалаа. Сонгуульд олонх болсон улс төрийн хүчин УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ өөрсдөө шийддэг нь олон намын тогтолцооны улс төрийн соёл юм. Өмнөх жилүүдэд ч З.Энхболд, М.Энхболд нар намын дарга байхдаа УИХ-ын даргын албыг давхар хашиж байсан туршлага бий. Тиймээс уг шаардлагыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө хууль дээдлэх, ард түмнийг төлөөлөх үүрэг хүлээдэг. УИХ-ын дэгийн тухай хууль болон гишүүний ёс зүйн дүрэмд томилолттой, өвчтэй эсвэл чөлөөтэйгөөс бусад тохиолдолд чуулган болон байнгын хорооны хуралдаанд оролцохыг үүрэг болгосон байдаг. Хэрэв гишүүд ажлаа хийхгүй бол ард түмэн хариуцлага тооцох, цаашлаад УИХ тарах хүртэл шаардлага тавих үндэслэл бүрдэхийг санууллаа. Үйлдвэрийн ажилчдын 60 хувь нь ажилдаа ирэхгүй бол үйлдвэр зогсдогтой адил УИХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой юм.
Одоогийн байдлаар Засгийн газар хоёр сайдаа чөлөөлж, салбарын үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байгаа ч чуулган гацсанаас үүдэн шинэ сайд нарыг танилцуулж чадахгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй ч УИХ-д танилцуулах хуулийн зохицуулалттай. Төрийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд УИХ хууль тогтоох чиг үүргээ шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.