УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан Ж.Гарьдаас хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулна

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан Ж.Гарьдаас хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх түүнд холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нд хянан хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хасах ял шийтгэсэн юм. Мөн 1.5 тэрбум төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Ж-тайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинг лимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол буцаан оруулж ирсэн.

Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгасан юм. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 18.6-1-ийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэл тохирсон гэж үзэн, мөнгө угааж олсон орлогыг гэмт хэрэг төгссөн өдрийн Монголбанкны ханшаар тооцон, хоёр тэрбум 86 сая төгрөг гаргуулж улсад оруулахаар боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.