Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр "Шатахууны үнийн зөвлөл”-ийн гишүүдтэй уулзав
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24./ Эдийн засаг, хөгжлийн яаманд “Шатахууны үнийн зөвлөл”-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийн талаар хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц бүрдүүлэлт, татан авалтын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, нийлүүлэлтийн тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байгааг танилцууллаа.
“Шатахууны үнийн зөвлөл”-ийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, түүнчлэн ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнийн нэмэгдэл нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Иймд үнийн огцом өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн саналтай байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт нь манай улсын импортын инфляцын гол шалтгаан болж байна. Иймд богино хугацаанд үнийн огцом өсөлтөөс үүдэх дарамтыг бууруулах, дунд хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдгийг онцлов.
Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх бодлого нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимд тулгуурлах ёстойг тэмдэглэлээ. Уулзалтын дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.