🔴Н.Номтойбаяр: Бодийн оффтeйк гэрээтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулна
Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгжийн хүрээнд их хэмжээний авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт болон нүүрсний борлуулалттай холбоотой ноцтой асуудлууд байгааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ. Тэрбээр энэхүү асуудлыг дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл, үзэл баримтлалыг боловсруулж дуусжээ.
Уг хяналт шалгалтыг хуулийн дагуу, хараат бусаар явуулах ёстой бөгөөд хэн нэгнийг хэлмэгдүүлэх бус, гагцхүү нотлох баримтад тулгуурласан үнэн зөв дүгнэлт гаргах нь чухал гэдгийг тэрбээр онцлов. Хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих эрх зүйн орчин бүрдэх юм. Тиймээс УИХ-д суудалтай дөрвөн нам, нэг эвслийн төлөөллүүдийг энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.
Түр хорооны бүрэлдэхүүнд уг хэрэгт нэр холбогдож байсан хүмүүсийг оруулахгүй байх нь хараат бус ажиллах үндсэн нөхцөл гэж үзэж байна. Өмнөх хянан шалгах түр хороодын үйл ажиллагааны явцад мэдээлэл дутуу ирэх, баримт бичиг устгагдах, хугацаа тулгаж ирүүлснээс дүгнэлт дутуу гарах зэрэг хүндрэлүүд гарч байсан. Иймд энэ удаагийн шалгалтад санхүүгийн болон техникийн хөндлөнгийн аудит, олон улсын хараат бус шинжээчдийг татан оролцуулах шаардлагатайг тэмдэглэв.
Н.Номтойбаяр хэлэхдээ, "Энэ асуудал улс төрийн хэрэгсэл болж, хэн нэгэн рүү дайрах, хэлмэгдүүлэх талбар болох ёсгүй. Одоо зөвхөн нотлох баримт ярих цаг болсон. Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар холбогдох албан тушаалтнуудад айдас төрж, саад тотгор учруулахыг оролдох байх. Гэвч бид олон нийтийн дэмжлэгтэйгээр үнэнийг тогтоох болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.