🔴Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулна” гэв
“Үнэн ба Зөв” намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ирэх дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Бүх ард түмний хаврын чуулган”-ыг зохион байгуулахаар болсноо зарлалаа. Тус хэвлэлийн бага хуралд намын дарга А.Отгонбаатар, тэргүүн дэд дарга Р.Шинжинравдан, дэд дарга Г.Солонго, М.Уранчимэг болон ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нар оролцов.
Тус намын удирдлагуудын зүгээс өнөөдрийн парламент болон Засгийн газрын үйл ажиллагаа мухардалд орсон, эрх баригч болон сөрөг хүчин хоорондоо үгсэн хуйвалдаж, ард түмний эрх ашгийг орхигдуулсан хэмээн шүүмжиллээ. Төрийн бодлого гацаж, хариуцлагын тогтолцоо алдагдсан энэ үед иргэдийн дуу хоолойг нэгтгэх, гарц гаргалгаа хайх зорилгоор ийнхүү ард түмний чуулганыг товлосон байна.
Энэхүү чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь “Сүүдрийн Засгийн газар” байгуулах тухай юм. Олон улсын парламентын засаглалын жишгээр сөрөг хүчин нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдлыг нь илрүүлэн, зөвлөж ажиллах ёстой байдаг. Гэвч өнөөдрийн парламент дахь намууд албан тушаалын төлөө тохиролцсон тул “Үнэн ба Зөв” нам иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн мэргэд, идэвхтэй иргэдтэй хамтран энэхүү бүтцийг бий болгохоор төлөвлөжээ.
Мөн тус намаас Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд үүнийгээ хаврын чуулганаар ард түмнээр хэлэлцүүлэхээ мэдэгдэв. Уг төсөлд сонгуулийн зардлыг эрс бууруулах, мөнгөний нөлөөллийг багасгах, ухуулагч болон штабын ажилтнуудын нэрээр иргэдийн саналыг худалдаж авдаг тогтолцоог халах тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хурцаар хөндлөө. Гурван шатны шүүхээс ял авсан хүн парламентад сууж байгаа нь төрийн дархлааг сулруулж буй хэрэг хэмээн үзэж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг нэн даруй батлахыг шаардав. Түүнчлэн Оюу толгойн гэрээний хүүгийн төлбөрт өдөрт 13 тэрбум төгрөг төлж байгааг зогсоох, байгаль орчны цөлжилт, нийгэм дэх хүчирхийллийн эсрэг бодитой тэмцэх шаардлагатайг онцоллоо.
“Үнэн ба Зөв” намын удирдлагууд дөрөвдүгээр сарын 14-нд болох чуулга уулзалтад 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон залуучуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Төр ажлаа хийж чадахгүй байгаа бол иргэд нэгдэж, хяналт тавьж, хариуцлага нэхэх цаг болсныг тэд мэдэгдлийнхээ төгсгөлд тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.