Ажлын байрандаа архидан согтуурсан албан тушаалтнуудыг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулна

Ажлын байрандаа архидан согтуурсан албан тушаалтнуудыг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулна

Албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэг энэ сарын 18-ны өдөр нэр бүхий сайтад нийтлэгдсэн. Улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “Ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдэгдэл гаргасан юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авч, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.

Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.