The MongolZ болон Team Spirit багууд плэй-оффын эрхийн төлөө өрсөлдөнө
Нидерланд улсын Роттердам хотноо зохион байгуулагдаж буй "BLAST Open Rotterdam 2026" тэмцээний B хэсгийн доод хүснэгтийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр буюу 3-р сарын 23-ны өдөр болно. Уг тоглолтод "The MongolZ" болон дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй "Team Spirit" багууд плэй-офф буюу шөвгийн наймд шалгарах ганц эрхийн төлөө хүч үзэхээр тунаж үлдээд байна.
"The MongolZ" багийн хувьд өчигдөр "Team Liquid" багийг 2-0 (Ancient 16-14, Mirage 13-10) харьцаатайгаар буулган авснаар энэхүү чухал шатанд шалгарсан юм. Тэд тэмцээний эхэнд "MOUZ" багийг хожиж шуугиан тарьсан боловч "Vitality" багт ялагдал хүлээн доод хүснэгт рүү шилжсэн билээ. Одоо тэдний өмнө тэмцээнээ үргэлжлүүлэх эсэхийг шийдэх хамгийн хариуцлагатай даваа ирээд байна.
Нөгөө талд "Team Spirit" баг мөн адил өчигдөр "9z" багийг 2-0 харьцаатайгаар хожиж, өөрсдийн байр сууриа бататгасан. Хэдийгээр тэд тэмцээний явцад "PARIVISION" багт гэнэтийн хожигдол хүлээсэн ч сүүлийн тоглолтуудад формондоо эргэн орж, хүчирхэг тоглолтыг үзүүлж байгаа юм. Тус багийн бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг тоглогчдын нэг "donk" багтаж байгаа нь өрсөлдөгчдөд томоохон сорилт болж байна.
Хоёр багийн түүхэн статистикийг харвал "Team Spirit" 5 удаа, "The MongolZ" 2 удаа ялалт байгуулж байсан үзүүлэлттэй байна. Гэвч 2026 он гарснаас хойш эдгээр багууд анх удаагаа нүүр тулж байгаа нь тоглолтын үр дүнг тааварлахад бэрх болгож байгаа юм. Чансааны хувьд "Team Spirit" дэлхийд 2-рт, харин "The MongolZ" 7-рт тус тус бичигдэж байна.
Өнөөдрийн тоглолт "Best of 3" буюу гурван үеийн турш үргэлжлэх бөгөөд ялсан нь шөвгийн наймд үлдэж, хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх хатуу нөхцөлтэй. "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, 910, mzinho, cobrazera нар багтаж байгаа бол "Team Spirit"-ийг chooper, sh1ro, donk, zont1x, magixx нар төлөөлөн оролцож байна.
Эх сурвалж:
• hltv.org
• hltv.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.