БНХАУ-д шатахууны үнэ өсөв

БНХАУ-д шатахууны үнэ өсөв

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас дайн дэгдэж, дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд шатахууны хэрэглээ болон борлуулалтыг хязгаарлах арга хэмжээ аваад буй. БНХАУ хоёр долоо хоногийн өмнө дизель, бензин, нисэх онгоцны түлш экспортлохыг хориглож, газрын тос боловсруулагч компаниудаа өмнө нь хийсэн нийлүүлэлтийн гэрээгээ цуцлахыг уриалсан юм.

Тэгвэл “Global Times” агентлаг мэдээлснээр БНХАУ дотоодын бензин, дизель түлшний үнийг өнөөдөр /2026.03.23/ нэмэх төлөвтэй байгаа аж. БНХАУ ажлын арван хоног тутам дотоодын түлшний үнэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд үнэ өөрчилдөг.

Одоогийн үнэ тогтоох мөчлөг гуравдугаар сарын 9-нд эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ажлын арван хоног өнгөрч, БНХАУ өнөөдөр түлшний үнэд өөрчлөлт хийх эсэхээ мэдэгдэнэ гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нөөс хойш газрын тосны үнэ үнэ огцом өссөн. Тодруулбал гуравдугаар сарын 19-ний байдлаар боловсруулаагүй газрын тосны жишиг үнэ 45.21 хувиар өөрчлөгджээ. Үүнтэй холбогдуулан боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний (дизель, бензин) үнийн дээд хязгаар тонн тутамдаа 2000 юань орчмоор өсөхөөр байна. Шинжээчдийн үзэж үнийн өсөлт тонн тутамдаа 2200 юаньд хүрч магадгүй аж.

Харин литр тутамд тооцвол, АИ-92 бензин 1.73 юань, АИ-95 бензин 1.83 юань, дизель түлш 1.87 юаниар тус тус өсөх төлөвтэй байна. Хэрэв үнэ ийм түвшинд өөрчлөгдвөл, БНХАУ-д АИ-92 бензиний үнэ нэг литр нь 9 юаниас давж магадгүй юм. Ингэснээр 50 литрийн банк дүүргэхэд 86.5 юань илүү төлөхөөр байна гэж “CCTV” тооцоолжээ.

Үүнтэй холбогдуулан БНХАУ дахь интернэт хэрэглэгчид шатахууны үнэ их хэмжээгээр өсөх гэж байгаа талаар мэдэгдэл хүлээн авах болсон байна.

2026 оны эхэлснээс хойш БНХАУ дотооддоо боловсруулсан түлшний үнэд таван удаа дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээ хийсний үр дүд дөрөвт нь үнэ өсгөж, нэг хэвээр үлдээсэн байна. “CCTV”-ийн мэдээлснээр, бензиний үнэ 2025 оны эцсийнхтэй харьцуулахад тонн тутамдаа 1160 юаниар өсжээ. Харин дизель түлшний үнэ 1120 юаниар нэмэгдсэн юм.

CCTV-ийн мэдээлсэн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн /2026.03.18/ байдлаар АИ-92 бензиний зах зээлийн дундаж үнэ тонн тутамдаа 9479 юань байжээ. Энэ нь өмнөх мөчлөгөөс 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Дизель түлшний үнэ тонн тутамдаа дунджаар 7977 юань болж, 15.9 хувиар өсжээ.

Эх сурвалж: Global Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.